Ямар нэгэн хэл эзэмшье гэвэл 1000-н цагийг тухайн хэлийг сурахад зориулсан байх ёстой гэсэн судалгаа бий

1 month, 3 weeks ago read count: 494

Зөвхөн Монголчууд гэлтгүй дэлхийн маш олон оронд Англи хэлийг сурч судлахыг зорьж байгаа сая сая хүн байдаг. Тэдгээрт бүгдэд нь хэрхэн үр дүнтэйгээр сурах вэ? гэсэн асуулт байдагтай  зэрэгцээд хэрхэн үр дүнтэйгээр заах вэ? гэсэн ойлголт пареллель оршиж байдаг. Тиймээс бид дэлхийн олон оронд Англи хэлний боловсролыг олгох үйл ажиллагааны чиглэлээр гар бие оролцож, өдгөө Монголд энэ  чиглэлээрээ ажиллаж байгаа эрхмийг энэ удаагийн ярилцлагын зочноороо урьж дээрх хоёр асуултын хариуг эрж хайхыг зорисон юм.

Ярилцлагын зочин“American TESOL institute”-ийн албан ёсны төлөөлөгч багш, Жэт Англи хэлний сургуулийн сургалтын албаны дарга, хөтөлбөр хариуцагч багш Корстиан Дей Еонг


-Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчууд бидэнд холын хүнээс үг сонс гэдэг зүйр үг байдаг юм. Тиймээс танаас их олон үг сонсох гээд энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа.

-Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Бага зэрэг сүрдэм сонсогдож байна шүү \инээв\. Гэхдээ чадах чинээгээрээ хариулахыг хичээнээ.

-Юуны өмнө таныг “American TESOL institute”-ийн албан ёсны төлөөлөгчийн тань  хувиар  асуумаар байна. Энэхүү институдынхаа үйл ажиллагааны хүрээнд Англи хэлний боловсролын чиглэлээр дэлхийн хичнээн оронд ажиллаж байсан бэ? Мөн энэ институтын тухай ойлголтыг бидэнд өгөхгүй юу?

-TESOL  гэдэг нь Англи хэлийг хоёрдогч хэлээр сонгон сурч байгаа хүмүүст Англи хэлийг заах эрхийн багш нарыг бэлддэг институт юм. Нэг ёсондоо тухайн багш Англи хэл нь төрөлх хэл нь биш дэлхийн аль ч оронд очиж хичээл заах эрхтэй болдог стандарт юм. Миний хувьд “American TESOL institute”-ийн төлөөлөгчөөр Тайландын маш олон газраар явж, Австрали Америк, Канад гэх зэрэг унаган Англи хэлтнүүдэд тухайн оронд буюу Тайландад оюутнуудад  Англи хэлийг хэрхэн яаж заах талаар сургалтуудыг орж байсан. Мөн Камбож, Япон, Индонез, Энэтхэг, за одоо бол Монголд ажиллаж байна.

-Таныг таван хэлтэй гэж дуулсан. Одоогийн байдлаар та ямар нэгэн хэл шинээр сурч байгаа юу? Бусдад Англи хэл заадаг, бүр Англи хэлний багш нарыг бэлддэг хүний хувьд өөрөө суралцагч байх мэдрэмж ямар байдаг талаар хариулт авах сонирхолтой санагдаж байна.

-Тиймээ би ч гэсэн суралцагч \инээв\. Чөлөөтэй биш ч гэсэн 5 хэлээр харилцах хэмжээнд мэднэ. Одоогийн байдлаар Монгол хэл, Хятад хэл хоёрыг гэрээрээ сурч байгаа. Ерөнхийдөө хэл сурч байгаа оюутанд ямар бэрхшээл тулгардаг тухайн хэлийг сурч байхад шинэ авиануудыг гаргахад хэр хүндрэлтэй байдаг гэх мэт зовлонгуудыг мэднэ. Би оюутанд тулгардаг бэрхшээлийг мэдэхээс гадна тухайн хэлийг тэвчээр гарган сурч байх явцад өөрийн хүссэн, зорьж байгаа түвшиндөө хүрэхийн сайхан мэдрэмжийг бас мэднэ. Жишээ нь саяхан гэртээ Хятад ханзаар бичсэн нэг эхийг уншиж ойлгоод, ард нь гарч чадсандаа баярлаад маш сайхан мэдрэмж авсан. Хэл сурна гэдэг тийм ч амархан зүйл мэдээж биш. Бэрхшээл гардаг. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа үр дүнгээ мэдрэх үед эхэлсэндээ, бас дунд нь орхиогүйдээ баярламаар байдаг.

-Англи хэл сурах хугацааг та хэрхэн тодорхойлох вэ? Хүмүүс хэр хугацаанд сурах бол? гэж асуудаг бол, зарим сургалтын төвүүд бараг л 7 хоногийн дотор, унтаад сэрэх хооронд чинь сургачихна гэх нь холгүй байдаг шүү дээ. Харин танаас илүү шинжлэх ухаанч хариу сонсоно гэж итгэж байна?-Энэ бол бараг гадаад хэл сурч байгаа хүн бүрийн асуудаг асуулт. Үүнийг тодорхойлохоор нэгэн судалгаа хийгдсэн байдаг. Ямар нэгэн хэл эзэмшье гэвэл 1000-н цагийг яг тухайн хэлийг сурахад зориулсан байх ёстой гэж. Гэтэл ингэж хэлэхээр зарим хүмүүс миний зарцуулсан цаг 1000 байтугай давнаа гэдэг. Үүн дээр нэг анхаарах зүйл бий. Тэр нь бид  7 хоногт 2 цагаар өдөр болгон хэлээ сурлаа гэж бодъё. Гэтэл ингэж сурч байгаад хоёр долоо хоног ч юм уу,  хэсэг хугацаанд завсарлачих юм бол нөгөө сурсан цагаа буцаагаад алдчихдаг. Гурван долоо хоногийн өмнө хаанаас эхэлсэн тэр газартаа эргээд оччихдог гэсэн үг. Тэгэхээр би нэг зүйлийг зөвлөмөөр байна. Өдөр бүр 2 цаг тэнхимд сураад байх боломж заримд нь байгаа ч заримд нь байхгүй учир сурсан зүйлээ хадгалах аргаа олоод гаргаад ирэх хэрэгтэй. Үүнд ном унших хамгийн тохиромжтой байдаг. 

-Олон жил Англи хэлний боловсролыг олгох чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд суралцагчдын сэтгэл зүйн хувьсал, өөрчлөлтийг судалж түүнд нь тохируулж сургалтаа явуулдаг байх гэж бодож байна. Одоогийн хүүхдүүдэд ер нь хэрхэн заах ёстой вэ? Заах арга дээр ямар дутагдалтай талууд байна гэж та хэлэх вэ?

-Ганц Англи хэлний боловсрол ч гэлтгүй сүүлийн 20, 30-н жилд дэлхийн боловсрол, боловсролын салбар маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр ялгаа байна уу? гэвэл маш их ялгаатай. Хуучин цагт 70-н жилийн өмнө ч юм уу өөрчлөлт их удаан явагддаг байсан бол одоо 20-н жилийн өмнөхийг одоо цагтай харьцуулахад тухайн үеийн  ялгаа, хүүхдүүдийн шаардаж байгаа хэрэгцээ маш өөр байна. Хүүхдүүдийн сэтгэхүй их өөрчлөгдөж байгаа хэдий ч ихэнх сургуулийн хувьд энэ өөрчлөлтийг хүлээж авч тэдний хэрэгцээнд тулгуурлаад бодитой шинэчлэгдэж чадахгүй байгаа тал бий.

Боловсролын систем хуучнаараа байгаад тухайн хүүхдийг сургуульд ороод ирэнгүүт дуугуй бай, битгий ярь, суу гэдэг. Үүнд нь хүүхэд дасаагүй байдаг. Хуучны системдээ хүүхдийг тохируулах гээд байхаас хүүхдэд тохирохуйц байдлаар өөрчлөгдөх үйл явц их удаан байх шиг. Энэ нь ерөнхий боловсролын системээс гадна Англи хэлний боловсролд ч гэсэн ялгаагүй байдаг. Стандарт сургуульд Англи хэл орж байгааг харахад багш нь яриад л хүүхдүүдээ дуугуй суулгаад байдаг. Гэтэл хэл сурахад тухайн хүүхэд яаж дуугүй сурах билээ. Хүүхэд ярих ёстой, ярьж байж сурах ёстой.

Тэгэхээр өнөөдрийн сургуулиуд хэт их олон дүрэм журамдаа баригдаад өөрчлөлтийг хийж чадахгүй байгаа нь тухайн сургуулиудыг хойш татаад байна. Тиймээс хэт их дүрэм журмын оронд нас насанд нь тохирсон мэдлэг, сэтгэлзүйн болоод бусад чадваруудыг хоцроолгүй олгохдоо үргэлж шинэчлэгдэж тэдний нас, тэдний цаг үеэр амьдрах хэрэгтэй гэж би боддог.

-Жэтийн хувьд 100% Англи хэл дээр өсвөр насны болоод, насанд хүрэгчдийн ангидаа хичээл орохоор болсон гэж байсан.  Мэдээж гарах үр дүнтэй уялдуулж заах арга зүйд ийм шийдэлд хүрсэн байх? 

-Хичээлийн 20%  нь Англи хэл дээр байлаа гэж бодвол оюутнуудын сонсох үйл явц нь их бага байдаг. Тэгэхээр 100% Англи болгож өгснөөр оюутны тухайн хэл дээр хүлээж авах чадвар сэтгэц явцад нь бий болдог. Мөн сурч байгаа хэлээр нь зааварчилгаа өгснөөр Англи хэлийг сурахаас өөр ямар ч гарцгүй болгож байгаа юм. Мөн Ангид хичээллэх энэ хугацаа бол тухайн оюутнуудад олдох, сурч байгаа хэлээ ашиглах, хэрэглээ болгох хамгийн боломжтой, бодитой орчин юм.

-Багш нарын хувьд энэ нь хэрхэн тусах вэ?

-Ерөнхийдөө багш нараа дадлагажуулаад дахин сургаад явж байгаа. Багшийн хувьд 100% Англи хэл дээр хичээлээ заана гэдэг маш их тэвчээр, чадвар шаардсан ажил байдаг. Мэдээж Монголоор ярих нь илүү амархан шүү дээ. Гэхдээ үр дүнг харьцуулах юм бол арай бага. Англи хэл дээр хичээлээ заалаа гэхэд хүүхэд тухайн хэлээр сонсож, тухайн хэлээр буцаад сэтгэж, ярьж, харилцааны үйл явцад өөрийн эрхгүй татагдан ордог давуу талтай. Харин сурагч ойлгохгүй бол яах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Энэ тохиолдолд багш өөрөөсөө асуух хэрэгтэй.

Сурагч яагаад ойлгохгүй байна. Сонгож байгаа үг хэллэг, ярианы агуулга маань хэцүү байна уу? үүнийгээ хэрхэн оюутанд ойлгогдохоор хялбаршуулах вэ? гэх мэтчилэнгээр бодож, тохирох заах аргуудыг олох ёстой юм. Бага түвшний ангиудад Англи хэл дээр шууд хичээл орно гэдэг нэлээн тэвчээр шаардах хэдий ч шат ахих тусам тухайн хэлийг тайлбарлахад хялбар болдог. Суралцагчдын хувьд эхлээд бэрхшээлтэй мэт санагдах боловч өөрт хүлээж авч, бий болгож байгаа чадваруудын хувьд маш үр дүнтэй байдаг нь цаг хугацааны явцад харагддаг.

-Сайн багшийн үнэлэмжийг та юу гэж тодорхойлох вэ? Англи хэлтэй хүн бүр үүнийгээ бусдад зааж чадна гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр багш хүн ямар байх ёстой гэж та хэлэх вэ?

-Хэл сурсан хүн бүр үүнийгээ бусдад заадаггүй гэдэг их оновчтой үг байна. Хэлийг заахад маш их зааварчилгаа, тухайн зааварчилгааг өгөх аргууд байдаг. Оюутан тухайн хэлийг ойлгохгүй шүү дээ. Гэтэл тийм хүнд яаж өөрийгөө ойлгуулах вэ? тэр хүнээр хэрхэн яаж яриулах вэ? гэдэг өөрөө маш нарийн ур чадвар шаардсан ажил юм.

Тиймээс American TESOL institute тэр бүхнийг хэрхэн яаж суралцагчдад хүргэхийг алхам алхмаар чиглүүлэх, ангиа хэрхэн удирдах вэ? гэх зэргээр  маш нарийвчлан авч үздэг.  2 жил заалаа 20-н жил заалаа гээд сайн багш болчихдоггүй. Яагаад гэхээр нийгэм, цаг  үе, хүмүүс өөрчлөгддөг. Үүнийг дагаад багш ч гэсэн заах аргаа шинэчлэх хэрэгтэй байдаг.  Мөн багшлахад 50% нь мэдлэг 50% нь тухайн хүний зан чанар хандлага нөлөөлдөг. Бид  мэдлэгийг олоод авлаа гэхэд үлдсэн хувь нь тухайн хүнээс л шалтгаалдаг.

Зарим багшийн анги удаан тайван явж байхад зарим нь эсрэгээрээ байх жишээний. Гэхдээ ангиуд өөр байх нь нэг анги, нэг багш нөгөөгөөсөө дээр гэсэн үг биш. Хамгийн гол нь багш үлдсэн 50%-даа зөв хандлагатай дээрээс нь өөрөөрөө байснаараа сурагчиддаа хүндлэгдэж үр дүнд хүрдэг.

-Цаг үе маш хурдацтай өөрчлөгдөж байгаа талаар та түрүүн дурдсан. Тэгвэл энэ хувьсаж буй орчин цагт Жэт англи хэлний сургууль хэрхэн зохицож сургалтаа явуулж байгаа вэ? Шинэ хөтөлбөрийн суралцагчдад өгөх давуу тал нь юу байх вэ?  

-Яагаад шинэ программ оруулах болсон тухай эхлээд ярья. Цаг үе өөрчлөгддөг гээд түрүүн хэлсэнтэй энэ бас холбоотой. Ийм том хэмжээний шинэчлэлийг Жэт дөрвөн жилийн өмнө хийж байсан. Тэгэхээр дараагийн өөрчлөлтийг авчрах цаг нь болсон гэсэн үг. Монгол маш их өөрчлөгдөж байгаа орнуудын нэг юм. Одоо байгааг гучин жилийн өмнөхтэй харьцуулахад бүхэл бүтэн хоёр өөр ертөнц байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтөнд хүмүүст юу хэрэгтэй байгаа юм бэ? гэдгийг хараад түүнд нь тохирсон цогц хөтөлбөрийг Жэт оруулж ирж байгаа юм.

Монголд болоод дэлхийд сүүлийн үед анзаарагдаж байгаа нэг чиг хандлага бол сургуулиуд, компаниуд зөвхөн хүний хэлснийг л хийдэг хүмүүсийг хүсэхээсээ илүү бүтээлч, шинийг санаачлагч, удирдагч, бусдыг идэвхжүүлж, урамшуулж чаддаг хүмүүсийг хайж байгаа явдал юм. Ийм чадвартай хүмүүс одоогийн зах зээлд эрэлт хэрэгцээ гэсэн үг. Тиймээс зөвхөн Англи хэлний мэдлэг олгоод зогсохгүй хөтөлбөрийн агуулга заах аргаараа дамжуулан дээрх чадваруудыг хослуулан олгож байгаагаараа шинэ хөтөлбөр маш онцгой юм.

Little Jetters буюу 7-12 насны хүүхдүүдэд зориулсан Англи хэлний хувьд Big English гэсэн хөтөлбөрөөр явна. Онцлог нь юу вэ? гэхээр бага суурьгүй эхэлж байгаа түвшингөөсөө л phonics буюу авиа зүйн хичээлийг орж өгч байгаа. Үсэг бүрийн авиа дуудлагыг анхнаасаа суурь болгон сурснаар тухайн хүүхэд түвшин ахих бүр дуудлаган дээрээ чөлөөтэй сайн болж, тухайн хэлээр төрөлх хэл шигээ ярих чадвар болдог.

Мөн хөтөлбөрийн нэгж хичээл бүрт Value Lesson буюу үнэлэмж үнэ цэнийг тодорхойлох хичээлүүд байгаа. Тухайн хүүхдийг хүүхэд байх талаас нь хичээл заана гэсэн үг. Энэ сонин сонсогдож магад ч алсдаа маш их үр дүнтэй хичээлүүд байдаг. Энэ хичээлээр яах вэ? гэхээр багш тухайн хүүхдийн түвшинд очоод хүүхдийн харах өнцгөөс бүхнийг хараад ярина гэсэн үг. Тухайлбал бага түвшний хүүхдэд бусадтай байгаа материалаа хуваалцах гээд хичээл байх жишээний. 

Хуваалцах уу үгүй юу? хуваалцах бол яагаад? үгүй бол яагаад? гэдгийг хөндөх юм. Энэхүү хичээлээрээ дамжуулан  хүүхдэд  хүний амьдралд юу үнэ цэнэтэй вэ? юу үнэ цэнэгүй вэ? гэдгийг их бага хэмжээгээр тодорхойлж өгснөөрөө тухайн хүүхэд нийгэмдээ үнэ цэнэтэй гишүүн болоход нь төлөвшлийг бий болгох давуу талтай юм.

Jetteens буюу өсвөр насны сурагчдад зориулсан Англи хэлний хувьд бусад насны сургалтуудтай мөн адил энэ жил худалдаанд гарсан хамгийн шинэлэг сурах бичгийг ашиглах бөгөөд мөн л нэгж хичээл бүрт Going Beyond English буюу хэлнээс цаадах хил хязгаар гэсэн хэсэг орж ирж байгаа. Энэ нь харилцаанд тулгуурлан Англи хэлийг заах бөгөөд номонд тусгагдан гарч байгаа гаргалгаа нөхцөлүүд нь яг өнөөгийн сурч байгаа өсвөр насны хүүхдүүдэд тулгарч байгаа жинхэнэ бодит асуудлуудыг авч үзсэн байгаа.

Тэдэнд маш олон өөрчлөлт ирдэг. Өсвөр насандаа тухайн хүүхдийн сурах ёстой чадваруудыг томчууд бид дутуу үнэлээд харахгүй өнгөрчихдөг тал байдаг. Тэгэхээр хэлнээс цаадах хил хязгаар гэдэг энэ хэсэгтээ тэдэнд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэд чиглэгдсэн шийдлүүдийг олж хараад, үүн дээрээ тулгуурласан яриа хэлэлцүүлэг явуулах юм.  

Жишээ нь хэрхэн шийдвэр гаргах вэ? хэн нэгэн өөрийнх нь хүссэнээс өөр  хариу үйлдэл үзүүлбэл яах вэ? гэх мэтчилэнгээр сэдвүүд орж ирэх юм. Эндээс шийдвэр гаргахын тулд яах ёстой, эхлээд юу бодох, ямар ямар алхмуудыг хийх ёстой гэх зэргээр хүүхдүүд суралцах юм. Мэдээж бүгд 100% Англи хэл дээр явагдана.  Саяхан үүнийхээ дагуу хичээл заахад өсвөр насны хүүхдүүд энэ хичээлд үнэхээр сэтгэл хангалуун байж эерэг хариу үйлдэл үзүүлсэн байгаа.  

Мөн  хүүхдийн анги өсвөрийн анги хоёр дээрээ төсөл хичээл оруулж өгснөөрөө сурагчдад бүтээлч цагуудыг гаргаж өгөх юм. Энэ хичээлээрээ  соёл, бидний нарны аймаг, байгалиа хамгаалах нь гэх зэргээр танин мэдэхүй, төлөвшил, мэдлэгийн цар хүрээг тэлэх сонирхолтой сэдвүүдийг сонгож,  түвшиндөө тохирсон хичээл үзээд түүнийхээ дагуу видио хийх, нийгэмдээ хандсан ажил, блог хөтлөх гэх мэтчилэнгээр нэлээн бүтээлч ажилруу хандах юм.

Jet General буюу насанд хүрэгчдэд зориулсан ангийн хувьд Keynote гэсэн хөтөлбөр дээр тулгуурлан түвшин бүрт тохирсон Ted talk  хэлбэрээр хичээл явагдах юм. Нэгж сэдвүүд нь орчин цагийн хүмүүст тулгардаг агуулгуудтай учраас маш сонирхолтой. Өөрийн зүгээс тэдгээр сэдвүүдийг харахад хэлэлцүүлэг гаргаж ирж болохуйц маш үр дүнтэй санагдаж байгаа. Ted talk гэдэг маань яриа илтгэлүүд байдаг гэж хүмүүс мэднэ шүү дээ.

Тэгэхээр оюутнууд маань илтгэл тавьж, олны өмнө бодол санаагаа цэгцтэй ойлгуулж, асуудалд өөрийн байр сууринаас судалгаа шинжилгээтэй оролцож сурах юм. Мөн илтгэл тавихад юунд анхаарах, биеийн хэл ямар байх, илтгэлээ ямар зохион байгуулалттайгаар хүмүүст хүргэх нь үр дүнтэй гэх мэтчилэнгээр давхар чадваруудад суралцах юм. Тиймээс эцсийн үр дүндээ сургалтаас ямар амжилттай төгсөх вэ? гэхээр илүү харилцаан дээр тулгуурласан хэлний болоод бусад чадваруудын хувьд өөр түвшинд гарч ирсэн, үүгээрээ өөрийнхөө хил хязгаарыг тэлж чадсан ийм хүн болох юм.

-Та ямар сурагчийг сайн сурагч гэх вэ? Зарим хүмүүс олон жил үзээд байгаа мэт боловч үр дүнгийн хувьд тийм ч сайн байдаггүй шүү дээ?

-Хүн болгон сайн сурагч. Ерөнхийдөө хэл сурахад 4-н зүйл хэрэг болдог. Нэгдүгээрт та орчинд нь орох ёстой. Энэ нь та үүнийг сонсох ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хэлэнд өөрийгөө “дүрэх” хэрэгтэй.  Хоёрдугаарт хэрэглээ энэ нь анги танхим, тухайн хэлээр ярьдаг хүн танд хэрэгтэй. Гуравдугаарт зааварлагч туршлагатай багш, эсвэл өөрөө сурах бичиг байж болох юм. Энэ цаг хугацаа хэмнэх, өөрийн түвшинд тохируулж эмх цэгцтэй шантралгүй сурахад маш их нөлөөлдөг.  

Хамгийн сүүлийнх нь мөн хамгийн чухал нь танд тухайн хэлийг сурах сэдэл мотиваци хэрэгтэй. Яагаад тухайн хэлийг сураад байгаа юм. Хэл сурна гэдэг цаг хугацаа шаарддаг ажил. Ялангуяа та тухайн хэлээр ярьдаггүй улсад байгаа бол миний дээр дурдсан гурав, дөрөв маш чухал. Хэрэглээ бага байдаг учир өөрөө өөртөө эзэн болж хэлээ сурахад мотиваци гэдэг зүйл маш чухал юм. Эргээд багшийн ур чадвар дээрээ ирэхэд сурагчдийг хэрхэн сэдэлжүүлэх, үргэлжлүүлэн суралцах үйл явцыг дэмжих вэ? гэдэг дээр ажиллах, өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм. Миний дурдсан эдгээр 4-н зүйл байх юм бол та Англи хэлийг гарцаагүй сурч чадах нь дамжиггүй юм.

-Баярлалаа. Бидний ярилцлага Англи хэл сурахыг хүсэж зорьж байгаа хүмүүст тодорхой хэмжээний мэдээллийг хүргэж байгаа гэж итгэж байна. Танд амжилт хүсье.

-Баярлалаа танд ч гэсэн мөн гадаад хэл судалж сурч байгаа хүмүүстээ амжилт хүсье.