Х.Наранчимэг “Монголд байгаа учраас англи хэл сурахгүй байна гэсэн ойлголт байхгүй”

8 months, 2 weeks ago read count: 1797

Өдгөө дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь англи хэлээр өдөр тутамдаа харилцаж, 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэлээр англи хэл зарлагджээ. НҮБ, Европын холбоо, Дэлхийн банк зэрэг даян дэлхийн энх тайван, эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагуудын үндсэн хэл нь англи хэл байна. 

Харвард, Стэнфорд, MIT, Оксфорд зэрэг жил бүр хэдэн зуун эрдэмтэн, тэрбумтан, шинийг санаачлагч, энтерпренёр төрүүлдэг дэлхийн шилдэг их сургуулиуд руу очих гүүр нь англи хэл дээр явагддаг шалгалтууд байна. Англи хэлний хэрэгцээ шаардлага, англи хэлтэй хүмүүсийн давуу талыг тоочоод баршгүй. Харин англи хэлийг хэрхэн зөв, үр дүнтэй суралцах тухай ярилцах цаг болжээ. 

Ингээд тасралтгүй 20 орчим жил англи хэлний сургалтын чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулж, 60 мянга гаруй хүмүүст хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан Jet School of English сургалтын төвийн 10 жилийн туршлагатай, TESOL, MA зэрэгтэй багш Х.Наранчимэгтэй ярилцлага хийхээр зорилоо.

- Залуучууд англи хэл сурахын ач холбогдлыг ойлгодог болчихсон юм шиг санагддаг. Гэтэл ямар арга барилаар, хэрхэн сурахаа мэдэхгүйгээс болоод сурахгүй яваад байгаа хүмүүс байна л даа. Англи хэл сурахад юунаас эхлэх хэрэгтэй байдаг вэ?

- Залуучуудын хувьд зарим нь сураад зарим нь сурахгүй байна гэлээ. Сураад байгаа нэг нь зайлшгүй хэрэгцээтэй, зорилго нь тодорхой болчхоод сурч байгаа. Сурахгүй байгаа хүмүүсийн хувьд англи хэл зайлшгүй хэрэгцээтэй биш, нэг бол хувийн зан чанар буюу залхуурлаас үүдэлтэй.

Нөгөө хэсэг нь сурах арга барил, хаана очиж, яаж сурахаа мэдэхгүй явж байж болно. Англи хэлийг сурах арга барил нь түвшин түвшнээсээ хамаараад өөр. Монголын нөхцөл байдал буюу англи хэлгүй орчинд анхан шатнаас нь эхэлж сурах гэж байгаа бол англи хэлээр сайн ярьдаг хүнтэй эхэлсэн нь дээр байдаг. Яагаад гэвэл анхан шатанд ганцаараа эхлэхээр хүн олон юмыг буруу сурах хандлагатай. Сургалтын төвд очих, хувиараа багш авах зэргээр эхлэх хэрэгтэй. Дунд шат руу ороод бие дааж, өөрийн сонирхдог дуу хөгжим сонсох, кино үзэж ойлгох, интернетээс өргөн мэдээлэл авах зэргээр сурч болно. Энэ бол мөнгөө хэмнэж сурах арга барил. Гэхдээ нэг сул талтай. Багшгүйгээр сурч байгаад ямар нэг юмыг буруугаар ойлгоод, буруугаар яриад, буруугаар бичээд сурчих магадлалтай. Энэ нь тухайн хүнд тогтсон алдаа болоод ирэхээрээ түвэгтэй.

Англи хэлийг системтэй, үндэс суурьтай, бичиг болон ярианы хэлийг төгс суръя гэвэл сайн багш, сайн сургалтын төвийг сонгож суралцах нь үр дүнтэй байдаг.Гэхдээ сургалтад сууж байгаа хүмүүсийг анзаарахад сургалтад ирээд л суучихад болно гэсэн бэлэн сэтгэлгээтэй ирдэг. Бүх юмыг нь халбагадаж өгсөөр байгаад өөрсдөө бүр зажлахаас дургүй болчихсон ч юм шиг. Хэлийг ямар нэг байдлаар өөрийн зорьсон хэмжээнд сайн суръя гэсэн тохиолдолд сайн багштай байгаад оюутан өөрөө хичээхгүй бол явдаггүй эд. Тиймээс өөрөө сурсан юмаа хэрэглэж, хэрэглээнд оруулж амьд болгохгүй бол энэ маань өөрөө үхмэл болоод ирдэг. 

- Англи хэл хэдэн жил сурав гээд асуухаар бараг тавдугаар ангиасаа хойш гэж хариулдаг хүмүүс олон бий. Тав, арван жил сурчхаад ярьж чадахгүй, өөрт хэрэгтэй мэдээлэл авч чадахгүй яваад байдаг. Энэ бүрийн шалтгаан нь юу байдаг юм бол?

- Шалтгаан нь нэгдүгээрт тухайн хэлээ ашиглах хэрэглээ нь хязгаарлагдмал байгаа учраас хүн тухайн сурч байгаа зүйлийнхээ ач холбогдлыг ойлгохгүй болоод ирдэг. Ингэхээр дагаад мотиваци нь уначихдаг. Тэгээд зүгээр л өнөө маргаашийг шалгалтаа давчихъя гэсэн дүн авах зорилготой болчихдог. Гэтэл хэл өөрөө амьд харилцаа учраас харилцаж байж л үр дүнтэй. Хэрэглээ байхгүй учраас сураад сураад тогтдоггүй байх тал бий. 

Дараагийн нэг хүчин зүйл бол тухайн багшаас хамаарна. Багш хэлээ зааж байхдаа тухайн орчинд нь хэрэгцээг нь гаргаад өгчихвөл зүгээр байдаг. Хэрэгцээ шаардлагыг нь мэдрүүлсэн үед хүмүүс их сайн сурдаг.Арван жил  болон их сургуульд сурчхаад сайн хэлтэй болчихсон хүүхдүүд зөндөө бий.

- Гадуур маш олон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Янз бүрийн л зар байх юм. 30 хоногт сургана, кино, видео үзүүлээд сургана гэх мэт. Англи хэл сурахад шаардлагатай хугацаа гэж байдаг уу. Тийм богино хугацаанд сурах боломж бий юу?

- Хэл заах олон янзын аргууд байна. Тухайн хүний хэрэгцээнээс үүдэлтэйгээр өөр өөр аргаар заана. Жишээ нь Grammar Translation Method гээд орчуулгатайгаар, зөвхөн дүрэмд суурилаад заах эсвэл ярианд тулгуурлаад заах, тухайн хүмүүсийг татахын тулд киног ашиглах гэх мэт.

Арга болгоныг зуун хувь үгүйсгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл тухайн хүний зан чанар, сурах арга барил, сонирхлоос хамаараад өөр өөр үр дүнтэй. Жишээ нь над дээр нэг нь дуугүй даруухан, нэг нь яриа хөөрөө сайтай хоёр оюутан ирлээ гэхэд дуугүй хүүхдийг би хэчнээн яриулаад яриулаад бичүүлснээс илүү үр дүн муутай байдаг. Яриа хүүхдийг бичүүлээд байвал сонирхолгүй болоод сурах хүслээ хаачихна. Тэгэхээр аль нь үр дүнтэй байна вэ гэдэг тухайн хүний сонирхол, хүлээж авах чадвар, зан чанар, сурах арга барилтай холбоотой. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол дүрэм болон харилцаанд суурилж англи хэл заах. 

Англи хэлний нэг түвшнийг 7-14 эсвэл гуч хоногт сурна гэж бараг байхгүй.

Хугацааны хувьд англи хэлний нэг түвшнийг 7-14 эсвэл гуч хоногт сурна гэж бараг байхгүй. Тухайн хүн гоц ухаантай л биш бол. Жирийн хүмүүсийн хувьд нэг түвшний суралцах хугацаа хэр их хичээл зүтгэл гаргаж байгаатай холбоотойгоор доод тал нь хоёр сар байх боломжтой. 

Гэхдээ анхан шатнаас дунд шат руу хурдацтай ахих боломжтой байдаг. Анхан шатанд хэл илүү бодит байна. Ширээ, сандал гэх мэт нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар үгнүүд сурдаг. Ахисан шат руу ороод ирмэгц хурдтай хөгжиж байсан хэлний хурдац арай тогтворжоод ирдэг. Хэлний хамрах хүрээ их болж байна, сурах үгсийн сан хийсвэр болоод ирнэ. Дээшээ ахих тусам тухайн түвшний ахилт нь хугацааны хувьд урт болдог. 

-Ахих шатан дээрээ өөрийгөө мотивацижуулах тал дээр илүү анхаарах шаардлагатай гэсэн үг үү?

- Хэрвээ ахисан түвшинд сурах гэж байгаа бол яагаад сурах ёстойгоо сайн ойлгож байж явна л даа. Ахисан түвшин рүү орно гэхээр тухайн үзэж байгаа үг, өгүүлбэр нь их бага хэрэглэгддэг болоод ирнэ. Нэг хүнд үг сурлаа гэхэд түүнийгээ хэзээ хэрэглэхээ мэдэхгүй учраас наалдаж үлдэхгүй гэсэн үг. 

- Гадны сургуулиудад элсэх гарц болдог томоохон шалгалтууд хүний дөрвөн чадварыг шалгадаг. Сонсох, ярих, унших, бичих чадваруудаа зэрэг хөгжүүлэхэд яах ёстой вэ?

- Дөрвөн чадвар нь хоёр хэсэгт хуваагддаг. Input буюу тухайн хүн өөрөө олж авч, мэдэх боломжтой чадвар. Үүнд унших, сонсох чадварууд орно. Юмыг сонсоод, юмыг уншаад өөртөө өгөгдөл бий болгоно.Надад өгөгдөл болдог энэ хоёр чадвараа хөгжүүлбэл уншиж, ойлгодог болно, үгсийн сан сайжирна. Гэхдээ Output буюу гаргалгаа болох бичих, ярих чадварууд зайлшгүй хэрэгтэй. 

Зөвхөн юмыг сонсоод яриад байх юм бол яриа илүү хөгжинө. Эсвэл уншсаар байгаад үгсийн сантай болчихсон хэдий ч яриагаар гаргаж чадахгүй бол бас л доголдолтой. Дөрвөн чадварыг жигд хөгжүүлэхийн тулд манай сургалтын төв өгөгдөл буюу сонсгол, уншлага хоёр байнга хийлгэж байгаа. Сонсгол, уншлага хоёроосоо дүрэм, үгсийн сан сурлаа. Дүрэм, үгсийн сантай болчихсон, яаж хэрэглэдгийг нь мэддэг болсных нь дараа яриулна. Ярьдаг болчихсон хүн бичиг рүү ордог. Амаар гаргаж байгаа зүйлээ бичигт буулгах чадвартай болдог. Ийм л байдлаар хэл өөрөө жигд хөгжих боломжтой.

- Зарим хүмүүс дүрмээс цааргалаад яваад байдаг. Англи хэл сурахад дүрэм хэрэггүй байдаг гэсэн яриа ч сонсож байлаа. Энэ дөрвөн чадварын нэгийг орхигдуулснаараа ямар алдаа гарч болох вэ?

- Тухайн хүмүүсийн хувьд дүрэм хэрэггүй байна гэдэг боломжтой зүйл. Учир нь тухай хүний ажилд зөвхөн яриа хэрэгтэй байж болох юм.

Дүрэмгүй ярина гэхээр хэдэн үг чулуудаад байна гэсэн үг.

 

Гэхдээ хүн дүрмээс ангид байна гэж хэзээ ч байхгүй. Учир нь дүрэм чадвар биш. Тухайн хэлний суурь нь. Суурьгүйгээр байшин барихгүйтэй л адилхан. Дүрэмгүй ярина гэхээр хэдэн үг чулуудаад байна гэсэн үг. “Явах, идэх, би, чи” гэхээр ойлгогдохгүй шүү дээ. Өөрийн санаа бодлыг эмхэлж, цэгцэлж, үгнүүдийг хувиргал, байр зэргийг дүрэм зааж өгдөг. 

Дүрэм хэрэггүй гэж байгаа хүмүүс дүрэмдээ хэт анхаарахгүйгээр бусад чадваруудаас нь салгахгүй байя гэсэн санаа хэлж байгаа байх. 
Нөгөө талаар дүрэмд анхаарлаа гээд тухайн нөхцөл байдал, хам сэдвээс нь салгаж болохгүй. 

- Хэл сурахад тохиромжтой нас гэж байдаг уу. Эцэг эхчүүдийн хувьд өөрөө сураагүй юм чинь хүүхдээ сургана гээд явах тохиолдол бий л дээ?

-Хүн сурахаа больсон цагт дууссан байдаг. Хэл сурахад оройтно гэж байхгүй. Гэхдээ тухайн хэлийг ямар хэмжээнд, ямар түвшинд сурмаар байна гэдэг асуудал. Хэрэв унаган хэлтэн шиг эзэмшье гэвэл бага наснаас эхэлдэг. Ер нь 12 наснаас өмнө эхлэх юм бол хүүхэд хурдан хугацаанд хэлийг унаган хэлтэн шиг сурах боломжтой байдаг гэж үздэг. Түүнээс дээшээ бол сурна. Гэхдээ өөрийн гэсэн аялгатай, алдаатай сурах магадлалтай. 

- Гадаадад сурахын тулд хэл сурах шаардлагатай гэдэг нь хэтэрхий явцуу санагддаг. Монголдоо амьдарч байгаа ч гэлээ гадаад хэлтэй байх ямар шаардлагууд байдаг вэ?

-Одоогийн байдлаар хэл сурах гол шалтгаан гадаад руу явж илүү сайн боловсрол эзэмших. Хоёрдугаарт ажлын хэрэгцээ байна. Манайд гадны хөрөнгө оруулалттай байгууллагууд их байгаа. Тэдгээр газруудад ажиллахын тулд англи хэл сурах явдал их байна. Миний хувьд ном уншихын тулд англи хэл сурч байлаа. Тухайн үед би нэг Канад айлд ортол тэр айлын ханан дээр дүүрэн ном байсан. Тэд номуудаа надад Монголоор тайлбарлаж өгч байсан. Тэгээд би англи хэл суръя гэж шийдэж байлаа. Маш их ном уншиж, уншсан зүйлээ нөгөө хүмүүстэйгээ эргүүлж ярьж сурч байсан.

Хэл сурах айдсаа үргээхийн тулд тухайн хэлээ шууд бариад ав. Хойшлуулаад байх хэрэггүй. 

- Хэлний авьяас гэж байдаг уу. Байдаг бол юугаараа хэмжигддэг вэ?

Хэл сурах авьяастай хүн гэж сурсан юмаа ичихгүйгээр гаргадаг хүн байх. 

Бага насандаа нэг хэл сурчихсан хүмүүс насанд хүрсэн хойноо хэл сурахад дөхөмтэй байдаг байх гэж боддог. Яагаад вэ гэхээр хэл сурах нь авьяасаас илүү зан чанартай холбоотой байдаггэж боддог. Багадаа хэл сурсан хүмүүс өөр хэл сурахын давуу тал, гайхамшгийг мэдчихсэн байдаг. Тэгээд огт айдаггүй. Хүүхдэд бас тийм айдас байдаггүй. Хүүхэд бардам амьтан биш учраас алдаж байсан ч тоодоггүй. 
Хэрэгцээтэй байгаач гэсэн хэл сурахгүй яваад байх тусам хүнд шаналал бий болдог. Шаналж байгаагийнхаа хэрээр хэл сурах айдас нь нэмэгддэг юм болов уу гэж боддог юм. Айдас ихсэх тусам тухайн хүн, хэл хоёрын зай улам холдоод явчихдаг. Ингэхээр хэл сурахад улам хүнд болоод ирнэ. 

- Тэр айдсаа үгүй болгохын тулд хувь хүн яах ёстой вэ?

- Айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Хэл сурах айдсаа үргээхийн тулд тухайн хэлээ шууд бариад ав. Хойшлуулаад байх хэрэггүй. Хойшлуулах тусам улам бараагүй болоод ирнэ. 

Өдөр бүр тухайн хэлтэйгээ тулгарах тусам айдас нь багасаж, хэл чинь өөрөө “урсдаг” болно. Сургалттай үед багшийн нөлөө их байдаг. Манай сургалтын төв тухайн хүмүүсийн айдсыг эхлээд хаяж өгдөг. Жишээ нь манай ангид суралцаж байгаа хэнийг ч хэлнийх нь хэмжээнд шоолохгүй гэсэн дүрэмтэй байдаг. Хоёрдугаарт англи хэл сурах гэж байгаа бол англиар ярь гэдэг. Ингээд суралцагчдыг урамшуулаад, бага багаар дасгаад явдаг. Тухайн багшийн чадвар үүн дээр их харагдана. Зарим багш нарын хувьд нэг өгүүлбэр бичээд ирэхээр нь улаан балаар сараачаад хаячихдаг. Тэгэхээр тухайн хүний айдас нь ихсээд хэлнээсээ улам холдоод явчихна. Багш хүн мэдлэг өгөхөөс гадна сэтгэл зүйг нь ойлгож, асуудлыг нь хамтдаа давж туулах маш чухал. 

- Хүмүүс гадагш гарч байж л Англи хэл сурна гэсэн ойлголттой байна. Яг үнэндээ АНУ-д хэл мэдэхгүй олон жил амьдарсан цагаачид бий. Монголдоо хэл сурах боломжуудын талаар?

- Миний хувьд өөрөө Монголд англи хэл сурсан. Унаган хэлтэй газар оронд байгаагүй ч гэсэн IELTS-ийн 9 оноо авч байсан. Үүнийг би онгирч хэлдэггүй. Монголд англи хэл сурч байгаа хүмүүстээ хэлж урамшуулдаг. Хэл бол амьд харилцаа. Хэрэглээгээ гаргачихсан хүн хамгийн их ахицтай сурдаг. Түүнээс биш гадаадад амьдрах, Монголд амьдрах онцын ялгаа байхгүй. АНУ-д 10 жил амьдарчхаад хэлээ сайн сураагүй хүмүүстэй зөндөө таарч байсан. 

Хэл бол амьд харилцаа. 

 

Хэрэв Монголд байгаа учраас англи хэл сурахгүй байна гэж бодож байгаа бол нөгөө л нэг айдас, нөгөө л нэг залхуу зан байна гэсэн үг. 

- Англи хэл сурахад дан ганц хүсэл зориг байхад хангалтгүй гэж бодож байна л даа. Үүнээс гадна юу хэрэгтэй вэ?

- Над дээр хүүхдүүд багш минь би хоёр сарын дараа IELTS-ийн 8 оноо авах хэрэгтэй байна. Өдөр шөнөгүй “балбаад” өг гээд хүрээд ирдэг. Гэтэл өдөр шөнөгүй хичээллээд ч тухайн хүний хүлээж авах чадвар гэж бий. Тэгэхээр хүсэл байгаад зөнгөөрөө сурчихдаг эд биш. Хэрэв өнөөдөр хүсэж байгаагийнхаа хэмжээгээр хэл нь дээшилдэг бол бүх хүмүүс төгс хэлтэй болчихно. Нэгдүгээрт хэрэгцээ шаардлагаа тодорхойл, хоёрдугаарт цаг гарга.

Хэл сурахад цаг хэрэгтэй. Өнөөдөр нэг дүрэм үзчихлээ гэхэд бүрэн ашиглах чадвартай болохын тулд хугацаа, хичээл зүтгэл шаардана.

Мөн хэлнийхээ орчинг чадлынхаа хэрээр бүрдүүлэх хэрэгтэй. Сурсан юмаа өөр хүнтэй хамтарч ярих гэх мэт. Дараагийн нэг чухал зүйл бол хөдөлмөр. Хэл сурахын тулд тууштай, тэвчээртэй байх хэрэгтэй. 

- Дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь нь англи хэлийг нэгдүгээр хэлээ болгоод харилцаад явж байна гэсэн тоо баримт харлаа. Тэгэхээр англи хэл гэдэг заавал байх ёстой чадваруудын нэг болжээ?

- Дэлхийн олон хүчирхэг орнууд англи хэлээр ярьж байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил эрчимтэй явагдаж англи хэл дээр маш их хэмжээний мэдлэг үйлдвэрлэгдэж байна. Хэрэв бид хэл сурахгүй яваад байвал хэлтэй хүмүүсээс хэд хэдэн алхмын хойно л байна гэсэн үг.

Англи хэлтэй, хэлгүй хоёр хүн байлаа гэхэд хэлтэй хүн нь интернетээр ороод шууд мэдээллээ авч байхад хэл мэддэггүй хүн нь тэр мэдээллийг орчуулж өгөхийг хүлээнэ гэсэн үг. Хүн мэдээллээ илүү авч, ойлгож байх тусам амжилт нь илүү байна гэсэн үг. Мөн ажлын байран дээр ч хэлтэй хүн сонгогдож байгаа. Хэлээр дамжуулж илүү сайн харилцаа бий болдог учраас тухайн компанид хэл мэддэг хүн илүү ашигтай учраас ажилд орж чадна. Товчоор бол хэл мэдэхгүй хүн боломжийн хувьд хэлтэй хүмүүсээс хэдэн алхмын хойно л явна гэсэн үг. 

- Та туршлагатай багш хүний хувьд англи хэл сурах гэж байгаа хүмүүст юуг хамгийн түрүүнд хэлмээр санагддаг вэ. Юуг захидаг вэ?

Хэл сурч байгаа бол сурсан шиг сур. Сурахгүй бол март гэж би байнга хэлдэг.Хоёрын хооронд яваад байх чинь хүнд хамгийн хортой эд. Нэг суръя гэж шийдсэн бол түүндээ баттай зогс. 

Залуучууддаа урамшуулж хэлэхэд хэл сурах гэж байгаа бол зорилгоо тодорхойлоод, тууштай бай л гэж хэлнэ. 

- Цаг заваа гарган сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж сүүлийн хормыг танд үлдээе.

- За баярлалаа.