А. Бумдүүрэн: Англи хэл намайг Харвардыг мөрөөдөх “Эрхтэй” болгоно шүү дээ. Тиймээс л би өдөр бүр хичээн суралцдаг.

5 years, 6 months ago read count: 2661

Өдөржин бужигнасан сургуулийн амьдрал цэгцэрч оройн ангийн сурагчид тарах үед цэрэг хувцастай нэгэн хүү номын санд хичээлээ хийгээд сууж л байдаг дүр зураг үргэлжлээд хэдэн сар болжээ.Түүнийг А.Бумдүүрэн гэдэг. Гаднах байдлаас нь харвал цэргийн сургуулийн хүү Англи хэлэнд ингэтэл шамдах нь аргагүй анхаарал татна. Багшийнх нь тодорхойлсноор бол тэрээр хайр хүрэм хичээнгүй сурагч юм. Ингээд л яахын аргагүй “Humans of Jet”-ийн онцгой нэгэн зочноор тэр тодорсон билээ. Сахилга бат, зорилгодоо үнэнч байх түүний ертөнц олон сурагчид үлгэрлэл болноо гэж итгэж байна.

Номын санд хичээлээ хийгээд сууж байсан хэдий ч урилгыг маань хүлээн авч өөрийнхөө тухай цаг заваа зориулан ярихыг зөвшөөрсөнд баярлалаа.

Уншигчиддаа өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлцгээе.

Намайг Бумдүүрэн гэдэг. Би 17-н настай. Тэмүүжин өрлөг сургуулийн 11-р ангид сурдаг. Аав ээж болон дөрвөн дүүтэйгээ хамт амьдардаг.

Тэмүүжин өрлөг сургуулийнхаа тухай бидэнд ойлголт өгөхгүй юу? Цэргийн сургуулийн амьдрал хэрхэн өрнөдөг нь сонирхолтой бас олзуурхууштай байх болов уу гэж бодож байна


Манай сургууль хагас цэрэгжилттэй дунд сургууль гэж явдаг. Сургуулийн зорилго маань сурагчиддаа цэргийн мэдлэгтэй, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, биеэ даасан, мөн бусдыг ойлгож хүндэтгэдэг, ах захаа хүндэлдэг хүн болгох гэж би ойлгодог. Ер нь бол сургуулийн казарамд байрлаж ерөнхий боловсролын хичээлүүдээс гадна биеийн тамир бэлтгэл сургуулилтын хичээлүүд ордог. Мөн яг л цэрэг хүний жагсаалын парад, өглөө оройн тоонд жагсах, ёслол хүндэтгэлийн байдал, ороо дэвхийтэл хураах, өглөө бүр тугаа мандуулж орой бүр буулгах гэх зэргээр цэргийн амьдралын жишгээр өдөр хоног үргэлжилдэг.

Цэргийн амьдралын нэг хэсэг өдөр тутмын амьдралд нь ороод ирэхээр эх орноо гэх мэдрэмж, омогшил арай өөр түвшинд ойлгогдох болдог болов уу? гэсэн бодол төрж байна. Хэр огшиж хүлээж авдаг вэ?

Тэгэлгүй яахав огшдог. Цэргийн тугаа мандуулахаас эхлээд бүх зүйл их үүрэг хариуцлага хүндэтгэлтэй байдаг. Алдаа гаргаж болохгүй. Жагсаалд эх орныхоо дуугаа дуулахдаа хүртэл үнэнчээр, чин сэтгэлээсээ дуулдаг болчихдог. Энэ энгийн мэт сонсогдож болох ч хүн дотоод сэтгэлээрээ тэгж хүмүүжиж байна л гэсэн үг юм.

Одоо харин яагаад өдөр бүр номын санд сууж орой болтол хичээллэдэг тухай нь асуумаар байна. Англи хэл чамд яагаад ийм чухал юм бэ? Зорилго чинь юу вэ?


Би 12-р ангиа төгсөөд гадаадад тэтгэлэгээр суралцах хүсэлтэй байгаа. 1 жил хагас гэдэг миний хувьд IELTS, TOEFL-ын хамгийн өндөр оноог авах зорилгоо биелүүлэх, гадны нэр хүндтэй сургуульд тэтгэлэг авахад бэлдэхэд бага хугацаа учир би өдөр бүр үүнд цаг зарцуулахаас өөр аргагүй юм. Хүн зорилгоо том тавьж чаддаг байх нь хамгийн гол нь түүнийхээ төлөө бодитоор үйлдэл хийж чадсаар байх нь тэр том амжилтанд хүргэдэг гэж би сонссон юм \инээв\.

Ер нь бол англи хэл намайг Дэлхийн нэр хүндтэй сургуулиудыг, Харвардыг мөрөөдөх “эрхтэй” болгоно шүү дээ. Тиймээс л би өдөр бүр хичээн суралцдаг. Зорилготой минь англи хэл шууд хамааралтай болсон гэх үү дээ.


Ер нь хувь хүний чинь хувьд өдрийн хэмнэл хэрхэн үргэлжилж байна вэ?


Би одоо Жэтийн академик ангид дэвшин орж байгаа. Сургуулийн маань хувьд бид 10-р анги хүртэл казарамд байрлаад 11,12-р ангиас ЭЕШ-нд бэлдэх, сургалтанд хамрагдах шаардлага илүү гардаг тул хүсэлтээрээ гэртээ байрлах боломжтой байдаг. Тиймээс өглөө сургууль дээрээ эрт очоод хичээл сургуулилтаа хийгээд 1:45 гээд тардаг. Дараа нь харьж цайгаа уучихаад шууд Жэт дээр ирдэг дээ. Энэ хичээл маань 16-н цагаас ороод 18:10 гээд тарна. Ингээд л ер нь орой болтол Жэтийн номын санд хичээл дээр үзсэн зүйлээ яг тэр дор нь давтаад, бусад даалгавруудаа хийж амжуулчихаад харьдаг даа. Ерөнхийдөө бол ЭЕШ, хэл, сонирхол гээд бүх зүйлээ л жигд давтахыг хичээсэн өдрүүд л ихэвчлэн байдаг гэж хэлж болно доо.

Англи хэл сурах арга барилаасаа хуваалцаач гэвэл юу гэх вэ


Арга барилын хувьд өдрийн заасан хичээлээ яг араас нь залгуулаад давтдаг. Тэр дор нь бататгаж эхнээс нь бие даан авч үзэж байгаа хэрэг л дээ. Ер нь хичээлийн сэдвээс гадуур сэдэв гэлгүйгээр яг тэр хүрээндээ сайн бэлддэг. Мөн шинэ үг гарч ирэнгүүт тэр дор нь тэмдэглэж авдаг бөгөөд ном уншихыг их хичээдэг. Номоо бүрэн дүүрэн ойлгохгүй ч гэлээ оролдлогоо бол зогсоодоггүй гэх үү дээ. Багшийнхаа зөвлөснөөр өглөө бүр сэргэг байгаа дээрээ цээжлэх хэсгүүдээ бичиж цээжлэхээс гадна ой тогтоолтын аргуудыг бас ашигладаг. Гэхдээ яг хэрэглээн дээр байнга ой тогтоолтын арга зүйрлэлээ бодоод л удаад байж болохгүй шүү дээ. Тиймээс цээжилсэн үгсээ аль болох их ашиглах, үргэлж хэрэглээнд байлгахыг зорьдог.

Мөн бас нэг арга барил гэх юм уу даа. Хичээл хийх хугацаагаа яг үр дүнтэй чанартай ашиглах. Заримдаа орой ядарчихсан аливааг хүлээж авахад бэрх үед хоёр гурван цаг үр дүнгүй сууснаас өглөө сэргэг нэг цаг үр дүнтэй суусан нь дээр гэдэг ч юм уу. 

Гитар үүрчихсэн явж байхыг нь харсан юм. Ер нь гитар дээр өөрийн дуртай ганц нэг ч гэсэн ая тоглоод сурчих юмсан гэсэн хүсэл хүн бүрт байдаг болов уу гэж би боддог юм. Өөрийн чинь хувьд гитар үүрээд явж байснаа дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу \инээв\.


Ер нь ямар ч хөгжим сонсгол мэдрэмжээс гадна ой тогтоолт сайжруулдаг гэж бас сонссон юм байна. Гэхдээ миний хувьд гитараа аваад тийм ч удаагүй байгаа. Ямар ч байсан сургалтанд нь бас суугаад одоогоор хичээллэж л байна.

Дөрвөн дүүгийн ах гэсэн шүү дээ хэр сайн ах вэ? 


Дүү нараа харах цаг гаргах тал дээр ээждээ тийм ч сайн тусалж амжихгүй л байна. Гэхдээ хүн ер нь зорилгоо яг тодорхой тавьчихаар хичээдэг юм билээ. Хичээгээд оролдлогууд хийгээд эхлэхээр дүү нарт ч гэсэн нөлөөлдөг байх гэж боддог. Надаас 1 дүү дүү маань зэрэгцээд л хийгээд байдаг нь бас сайхан санагддаг.


Кинон дээр цэргүүд захны цагаан даавуугаа хадаад л суудаг хэсэг гардаг даа. Жижиг юм шиг хирнээ цэргийн амьдралын бас л нэг сайхан мөчийг эндээс хүмүүс хардаг. Өөрийг чинь харсан цэргийн сургуулийн дүрэмт хувцсаа их цэвэрхэн нямбай өмсдөг нь илт харагдаж байна. Энэ цэргийн соёл байх тийм үү?


Тиймээ цэргийн хувцсыг их цэвэрхэн хүндэтгэлтэй өмсөх ёстой. Сурагчийн тангараг дээр ч гэсэн энэ нь байдаг. Казарамд байрлаж байгаа үед бол оройн хоолондоо орчихоод хувцас хунараа цэвэрлэх захны даавуугаа хадах гэх мэтчилэн хувийн бэлтгэлээ хангачихаад оройн нэгдэлдээ гардаг.

Ингэхэд та бүхний хувьд биеийн хөгжил, эрүүл чийрэг байх тал дээр давуу талтай шүү дээ. Ер нь хагас цэрэгжилттэй сургууль, гүйж, суниахаас эхлээд шантрах ч юм уу тийм үе байсан уу
?

Бид мэдээж энгийн л дунд ангийн хүүхдүүд энэ сургуульдаа элсэж ордог. Мэдээж шалгалт өгч ордог л доо. Магадгүй биеийн тамир, дасгал сургуулилт энгийн хүүхдүүдийг бодвол илүү хийдэг болохоор бие бялдрын хувьд өв тэгш хөгжих боломж илүү байж магадгүй. Миний хувьд хүсэж орсон дуртай сургууль маань болохоор 5-н жил сурахдаа бэрхшээл хэцүү зүйлтэй нүүр тулаагүй. Харин ч эхний жилээсээ хамтач нийтэч багийн ажиллагаатай болоод л сураад эхэлдэг. Хамгийн наад зах нь багаараа гүйнэ. Нэг нь гүйж чадахгүй болох үед түшээд дэмжээд ямар ч байсан хамтдаа гүйлтээ дуусгах гэдэг ч юм уу.

Үеийн залуустаа хандаад өөрийн зүгээс үг хэлээч гэвэл юу гэх вэ? 

Ирээдүйн амжилт одооны хичээл зүтгэлээс л хамаардаг гэдэг шүү дээ. Тиймээс одооноос зорилгоо яг тодорхой болгоод алхам алхмаар урагшилж л байхгүй бол боломжууд өнгөрөөд л байх болно шүү дээ. Тиймээс зорилгоо эхлээд сайн бодоод тодорхойлоорой л гэж хэлье дээ. Ингэж хэлдгийн учир нь би ч гэсэн өөрийгөө юу хийгээд яваад байгаа билээ гэж бодох хүртлээ урсгалаараа явсан юм болов уу гэж боддог юм. Тэгээд ухаан орсон гэх үү дээ \инээв\. Тэгээд яг юу хүсч байгаагаа бодоод, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд зорилгоо тодорхойлчихоор хүн хичээдэг юм билээ. Бас хүрээллээ зөв болгох хэрэгтэй байх. 

Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд. Зорилгоо амжилттай биелүүлээрэй гэж хүсье. 

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.


Д.Чанцал