Англи хэл сурах нь гадаад орчноос илүүтэйгээр тухайн хүний дотоод мотивацаас шалтгаалдаг

5 years, 9 months ago read count: 4525

Өнөөдөр дэлхийд шинжлэх ухааны бүтээлүүдийн бараг 90-н хувь нь Англи хэл дээр бичигдэж, дэлхий нийтийн мэдээллийн үндсэн харилцаа холбоо, сурч хөгжих, өсөж дэвжих боломж бүрт Англи хэл шаардагдах болсон цаг үед бид амьдарч байгаа билээ. Гэвч Англи хэл үнэхээр боломж, аливааг харах өнцөг, хувь хүний байр суурь, орлогод нөлөөлж чаддаг гэдгийг сурч чадсан хүмүүс л илүү ихээр мэдэрдэг. Харин үүнийг бий болгохыг хүсэж байгаа хэдий ч нэг л сурах аргаа олохгүй байгаа маш олон хүн хэрхэн яаж үр дүнтэйгээр сурах вэ? гэсэн асуулттайгаар явсаар байдаг. Тиймээс энэхүү асуултын хариуг эрж хайхыг энэ удаагийн ярилцлагаараа зорилоо.

Жэт Англи хэлний сургуулийн Эксперт багш, IELTS-ийн ангийн багш Х.Наранчимэг

- Англи хэлийг бие дааж сурах, багштайгаар сурах хоёрын ялгаа, давуу болоод сул талыг та хэрхэн дүгнэх вэ?

- Үүнийг би тухайн хүний зан чанартай холбоотой байдаг юм болов уу гэж боддог. Бие дааж аливааг хийдэг махруу хүмүүс байхад заавал хүнээр хэлүүлж шахуулж байж сурдаг хүмүүс ч байдаг. Тиймээс тухайн хүнээс шалтгаалаад давуу болоод сул талууд гарч ирдэг.  Хоёрдугаарт хэлсэн хүмүүсийн хувьд багш бол тэднийг зорилгод нь ”чирч” аваачих хүч гэж хэлж болох юм.Мөн тухайн багш туршлагатай сайн багш  бол суралцагчаа хүссэн түвшинд нь аваачихад юу хэрэгтэйг олж харж, түүн дээр нь  ажиллаж чаддаг.

Ихэнх тохиолдолд бие дааж сурсан хүмүүсээс илүүтэйгээр багштай хамт болж өгвөл дунд шат хүртлээ тасралтгүй хичээллэж, багшийн өгсөн системтэй мэдлэг дээр өөрөө нэмэлт бие даалт хийж бататгадаг хүмүүс түргэн сурдаг.

Харин шууд анхан шатнаас нь бие даагаад явсан хүмүүсийн хувьд  ахиц удаан байх тохиолдол түгээмэл. Гэхдээ бие дааж сурахыг үгүйсгэж байгаа хэрэг энэ огт биш. Олонх тохиолдолд үр дүнд нөлөөлдөг магадлалуудыг энд дурдаж байгаа юм шүү. Тухайлбал  дуудлага дээр эсвэл бичгийн чадвар дээр ажиллах гэдэг ч юм уу нэг чадвар нь илүү хөгжөөд нөгөө чадварууд нь дутуу орхигддог.  Жишээ нь in put буюу өгөгдлийн чадварууд. Энэ нь сонсгол, уншлага юм.  Эдгээр чадварууд нь бие даасан хүмүүс дээр амар хөгжих боломжтой. Харин out put  буюу гадагшаа харилцаа хэрэглээ болгон бичих, ярих чадварууд сул хөгждөг тал байгаа.

- Гадаадад оччих л юм бол хэл сурчихна.  Монголдоо сурах хэцүү гэж боддог хүмүүс бий. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?  - Зөвхөн эх хэл нь Англи хэл дээр ярьдаг оронд очвол миний яриа сайжирна гэж бодвол энэ нь зүгээр л сурахаа хойш тавих нэг шалтаг юм.“Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтгаа олно”гэдэг үг байдаг даа. Тэгэхээр Монголдоо байгаа нь сурахгүй байх бодит шалтгаан үнэхээр биш.

Гадаадад 10, 20-н жил амьдарсан хүн хэзээ ч Америкт очиж үзээгүй зарим оюутнаас муу ярих тохиолдол ч зөндөө. Учир нь тэд Америкт bubble буюу Монголоор ярьдаг орчныг үүсгээд гадаад хүмүүстэй Англиар ярихаа тодорхой хязгаарт барьчихсан байдаг. Тиймээс хаана ч байсан өөртөө нөхцөл үүсгэж чадахгүй л бол сурна гэж байхгүй. Харин Монголд байгаа хирнээ Англиар ярих bubble орчныг бүрдүүлээд маш сайн сурсан хүмүүс бий.  

Зарим тохолдолд тухайн хүн өөрийн comfert zone гэдэг зүйлээс гарч чадахгүй Монголд байхад нь ч тэдэнд саад болдог байсан ярьж бичихээсээ санаа зовдог бэрхшээлээ Америкт ч юм уу Англид ч юм уу хамт аваад оччихдог.

Тийм учраас Англи хэл сайжрах нөхцөлийг гадаад орчноос илүү тухайн хүний дотор мотиваци сурах эрмэлзлээс шалтгаалдаг гэж би боддог.

- Таны хувьд хаана сурсан бэ? Мөн IELTS TOEFL- ийн ангиудын хичээл заадаг гэж дуулсан.  Энэ ангийг сонгон хичээллэдэг оюутнуудын хувьд хүссэн оноогоо авна гэдэг бас тийм ч амархан даваа байдаггүй шүү дээ. Таны хувьд өөрөө IELTS хэдэн оноотой вэ? хэрхэн яаж оноогоо авч байсан бэ?

- Миний хувьд Англи хэлийг Монголдоо сураад IELTS-ийн 9 оноо авч байсан. Үүнийг би Англи хэлийг сурах зорилготой хүмүүст Монголдоо боломж байдаг гэдгийг ойлгуулах, урам өгөх хандлагаар хэлж байгаа юм шүү. Гэхдээ өөрийн цаг зав, хичээл зүтгэлээ зориулж байж энэ оноог авдаг. Нөгөө талаараа IELTS-ийн оноо бол зүгээр нэг шалгалтын оноо. Үүнээс цаашлаад Англи хэлээр мэргэшээд мэргэжлийн дагуу үзэхэд заавал орчин шаардаад байх зүйл байгаагүй. Харин Монголд байгаа Англи хүмүүстэй уулзаж ярилцах, найзлах боломжууд олдсон. Сүүлд мэдээж Японд магистраа хамгаалах үед бүх хичээл Англи хэл дээр явдаг байсан учир академик түвшиндээ илүү ахисан.

- Англи хэл сурах бодит хугацааг та хэрхэн тодорхойлох вэ? Сарын дотор,  бараг л 7 хоногт сургана гэсэн рекламууд их явдаг шүү дээ?

- Англи хэлийг ганцхан сарын дотор сураад нэг түвшин ахина гэж би хэлэхгүй. Дөрвөн долоо хоног эсвэл зургаан долоо хоногийн сургалт гэдэг тухайн цагт заагдсан хичээлүүдийн хүрээн дэхь түвшин юм. Тухайн text book-д байгаа сэдвийн хүрээнд анхан, дунд шатанд очиж байгаа гэсэн үг. Харин том зургаараа ерөнхий Англи хэлний анхан шатны суурь мэдлэг л гэхэд асар баялаг.

-Elementary буюу анхан түвшинг хүн уйгагүй 3 сар сурахад нилээн сайн дүрээ олдог. Pre Intermediate дундын өмнөх шатанд өргөн хүрээний олон сэдвийн хэмжээнд уншдаг бичдэг болбол дор хаяж гурван сар гэж үзнэ. Гэхдээ тухайн хүний ганцаараа үзэж байна уу? багштай үзэж байна уу? цаг хугацаа зарцуулж байна уу? гэдэг нь үр дүнд нөлөөлнө. Ер нь байнгын урагшилж цаг хугацаагаа зарцуулж сурч байгаа хүмүүст л энэ тоонуудыг өгөөд байгаа шүү гэдгийг анзаараарай.

-Upper буюу ахисан дунд шатанд ороод ирэхээр дор хаяж зургаан сар болоод ирэх байхаа гэсэн бодол төрж байна. Сурч байгаа хүрээ нь илүү болно. IELTS, TOEFL -д upper intermediate  түвшин зааж өгчихсөн байдаг. Тиймээс 6-аас 9 сар тууштай сурч байж үр дүнд хүрнэ.

-Advanced шат нилээн хүндэрдэг учир 1 жил гэсэн барагцаа хугацааг хэлнэ. Цаашдаа зорилготой л бол хүн сурахаа зогсоож болохгүй. Нэг газраа зогсчих юм бол эргээд л уруудчихдаг. Тиймээс  өдөрт таван үгийг 5 гэлтгүй нэг өгүүлбэрийг 1 гэлтгүй сурч, сардаа ганц ном уншаад хэвшчих юм бол удаан хугацаандаа ч гэсэн ахиц гарсаар л байх болно.

- Таны Англи хэл сурсан арга зам хичээл зүтгэл бодит байдал дээр ямар байсан тухай бидэнтэй хуваалцахгүй юу?

- 10-р ангиа төгсөөд 1 жилийн курст бүр анхан шатнаас нь эхлээд сурсан. Тэр сургалт маань өдөр бүр 4-н цагаар хичээллэдэг байсан учир дунд шатанд очиж Англи хэлний маш сайн суурь мэдлэг болсон. Дараа нь Хүмүүнлэгийн их сургуульд багшаар ороод онол, хэлзүй, утга зүйн талаас нь их хардаг болсон. Мөн Японд суралцах хугацаандаа академик түвшингээ сайжруулж байсан.

Одоо бодоход өнгөрсөн хугацаанд би Англи хэл сурахаа ер зогсоогоогүй юм билээ.   Байнга гадаад мэдээ үзэж, Англи хэл дээр ном уншиж, тэндээсээ мэдэхгүй үгээ цээжлэх нь бараг миний зуршил болсон. Ер нь зурагтаа асаахад л Англи хэл дээрх сувгууд маш олон сэдвийн хүрээнд мэдлэг өгдөг шүү дээ HGTV гэхэд л гэрийн тавилга гэрээ хэрхэн сайхан болгохтой холбоотой, Grey’s Anatomy-ийн сериалыг үзэхэд эмнэлгийн хэлцүүдтэй болж байх жишээний.

Мөн BBC-ээс мэдээний formal English буюу албан ёсны Англи хэл, хэллэг яаж явдаг гэдгийг мэдэж болдог. Ер нь л интернеттэй, ном худалдаад авчих дэлгүүртэй л бол надад сурах нөхцөл алга гэж хэлэх эрх байхгүй цаг хугацаанд бид амьдарч байна. Миний мэргэжил Англи хэл болохоор хэл шинжлэлийн талаас нь Англи хэлийг маш их судалж үзэхдээ аль болох байгаа бүх сувгийг ашиглахыг хичээдэг. Ингээд ярьсан чинь 2002 оноос хойш Англи хэлийг сураагүй өдөр гэж бараг байхгүй юм байна /инээв/.

- Олон жил сурсан юм шиг хирнээ сураагүй хүн их байдаг. Тэдгээр хүмүүс яагаад үр дүнд хүрдэггүй вэ? гэдгээ ч бараг  мэддэггүй шүү дээ. Үүнд та ямар шалтгаануудыг нэрлэх вэ?

- Ийм хүмүүс мэдээж маш их ирдэг. 10-н жилдээ, их сургуульдаа үзлээ, дамжаанд суулаа. Гэхдээ Англи хэл мэддэг ч юм шиг үгүй ч юм шиг гэж ярьдаг. Үүний гол асуудал нь хүн яг сураад байна уу? гэдэгтээ бодит дүгнэлт хийх хэрэгтэй. Тэрнээс 10,20-н жил гэсэн цаг хугацаа энд хамаагүй байдаг. Тухайн цаг үед сурч эхлүүлчихээд тэрнээсээ хойш юу хийсэн бэ? гэдэг их том асуулт.

Мөн өөрийн сурч байгаа арга барилаа эргээд нэг хараарай гэж зөвлөмөөр байна. Хэрэв та курст сурсан бол тэндээсээ үр дүнгээ гаргасан уу?  Би оюутнууддаа юу гэж зөвлөдөг вэ? гэхээр курст суулаа, тухайн курс асар их мэдээллийг богино хугацаанд өгчихөж байгаа юм. Тэгэхээр тухайн мэдээллээ та өөртөө хэрэглээ болгож дадлагажуулах нь маш чухал учир энэ арга барилаа эрж хайж ол гэж хэлдэг.

Нэг түвшин явлаа тэгээд хаячихсан бол энэ сурах биш юм. Мэдээлэл хүлээж аваад түүнийгээ эргээд мартах үйл явц л болчихно. Түр хугацаанд мэдээллээ аваад хэрэглээ болгоогүй л хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрэглээ болго. Мөн битгий зогс. Их битгий хий бага битгий хий. Харин тасралтгүй хий гэсэн үг байдаг даа. Яг л тэрэн шиг бай л гэж хэлмээр байна.

- Хүн өөрөө мэдээж хэрэглээ болгох хэрэгтэй юм байна. Харин энэ тал дээр Жэт хэрхэн ажилладаг вэ?

- Жэтийн хувьд 100% Англи хэл дээр өсвөр насны болоод, насанд хүрэгчдийн ангидаа хичээл орохоор хөтөлбөр, ном, багшийн заах арга гээд цогц томоохон шинэчлэлийг энэ жил хийсэн байгаа.  Мэдээж гарах үр дүнтэй уялдуулж заах арга зүйд ийм шийдэлд хүрсэн.  Хичээлийн 20%  нь Англи хэл дээр явагдлаа гэж бодвол суралцагчдийн сонсох үйл явц нь их бага байдаг. Тэгэхээр 100% Англи болгож өгснөөр оюутны тухайн хэл дээр хүлээж авах чадвар сэтгэц явцад нь бий болдог. Мөн сурч байгаа хэлээр нь зааварчилгаа өгснөөр Англи хэлийг сурахаас өөр ямар ч гарцгүй болгож байгаа юм. Мөн Ангид хичээллэх энэ хугацаа бол тухайн оюутнуудад олдох, сурч байгаа хэлээ ашиглах, хэрэглээ болгох хамгийн боломжтой, бодитой орчин байдаг.

Сурахаас өмнөх сурсны дараах та? Англи хэлний давуу талыг бид бүгд мэдэрсэн учраас өнөөдөр хоёулаа ярилцлага хийгээд сууж байгаа байх гэж бодож байна. Үнэндээ надад Англи хэл асар их нөлөөг үзүүлсэн. Би бол Англи хэлээ түлхүүртэй зүйрлэдэг. Өмнө нь надад тас хаалттай байсан нээх боломжгүй байсан хаалгууд нээгдсэн. Үүний нэг нь гадны их дээд сургуульд сурч боловсролыг арай өөр өнцгөөс чанартай эзэмших боломжийг олгосон. Боловсрол гэдэг хүний амьдралд, амьдралын чанарт асар их нөлөө үзүүлдэг

2-рт найз нөхдийн хувьд  асар их хаалгыг нээж өгсөн. Хэрэв би Англи хэл мэддэггүй байсан бол найзын хүрээ бага байх байсан. Харин одоо бол миний найз нөхдийн хүрээ олон үндэстнээс бүрдсэн байдаг. Яагаад найз нөхдөө онцлоод байна гэхээр танил талаараа юм хийх гэсэн дээ биш л дээ. хамгийн гол нь өөр хүнтэй харилцаж санал бодлоо солилцох бүр өөрийн аливааг харах өнцөг, үзэх хандлага тэр чигээрээ өөрчлөгдөж хүрээгээ тэлж байдаг. Үүнийг би асар том давуу тал гэж хэлнэ. Заримдаа ч би Англи хэлийг сураагүй байсан бол яана гэж бодохоосоо  хүртэл айдаг гэх юм уу даа.

3-рт нь миний хувийн амьдралд юмыг сэтгэх, уншиж судалгаа хийхэд маш их үүрэг гүйцэтгэдэг. Нэг судалгаа хийе гэхэд Монголд түүнтэй холбоотой ном олно гэдэг маш ховор байх нь зөндөө тохиолддог байсан. Англи хэл дээр бол хаанаас нь сонгох вэ? энэ олон дундаас гэж бодогдмоор байдаг. Тэгэхээр Англи хэл ажил амьдралд асар том давуу талыг мэдрүүлж байдаг. Судалж харж байгаа зүйлс маань арай өргөн болоод ирдэг.

- Дүрмээр яах юм бэ? гэдэг зөвлөгөө хааяа нэг харагддаг шүү дээ. Энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?

- Ямар ч хэлэнд үндсэн дөрвөн хүчин зүйл багтдаг. Эндээс  үгсийн сан дүрэм 2 нь чадвар гэхээсээ илүү хэлний суурь гэж хэлж болно. Дүрмээр яах юм бэ гэж хэлж байгаа бол тухайн хүний мэдээж үзлийн л асуудал. Тэгж ярьж болно. Яахав анхан шатанд дүрэмгүйгээр бага насны хүүхэд шиг яриад байж болно. “Сургууль явах” гээд хэлчихвэл тухайн нөхцөл байдлаасаа за энэ хүн сургууль руу явах гэж байгаа юм байна гээд барагцаалаад ойлгочихно. Гэтэл ихэнх хүмүүсийн гол зорилго нь цаашдаа сурах болоод ирдэг. Ингээд IELTS, TOEFL өгөөд эхлэхээр дүрэм маань хэлний суурь учраас яг тасраад үнэхээр хүнд болоод ирдэг. Тэр үед л дүрмээ би яах уу? гээд зориод ирдэг. Энэ үед хэлний бэлтгэлдээ бэлдмээр байдаг.

Гэтэл дүрмээ мэддэггүй. Энэ нь эргээд олон зүйлийг зэрэг сурах ачаалал болдог. Тиймээс дээшээ ахих гэж байгаа хүн бол дүрэмгүйгээр сурна гэдгийг үгийн сангүйгээр ярихтай л адилагаар нэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. Яагаад дүрэм хэрэггүй гэж хүмүүс ярьж байгаа нь магадгүй манай боловсролын систем заах арга тогтолцоотой холбоотой байх магадлалай юм. Уг нь бол дүрэм хэрэгтэй. Гэтэл түүнийг заахдаа зөвхөн present simple, одоо цаг гэх мэтээр зөхөн дүрмээ яриад хүмүүсийг залхааж сурах хүсэлд идэвхийг бууруулснаас болж байх тохиолдол бий гэж бодож байна.Харин тухайн дүрмийг жишээ нь жирийн одоо цагийг үзлээ гэхэд тухайн цагтайгаа нөхцөлдүүлээд уншлага хийлээ, бичлээ, орж болохуйц түвшинд нь тохирсон бичвэрүүд орлоо, ярилаа гэх зэргээр хэрэглээ болговол өөр. Тиймээс зөвхөн онол гэхээсээ хэрэглээ болгох, дүрэм талаас нь залхаахгүй хэрэглээнд нь оруулж заавал дүрмийг үгүйсгээд байх хүн гарахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хүнд өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулахад дүрэм хэл зүй гэдэг асар чухал.  Хэлийг дүрэмгүйгээр сурна гэвэл үггүй ярина гэж байгаатай л адил юм.

- Цаашдаа онцгой нэг чадвар гэхээсээ илүү магадгүй хүн бүрт байх ёстой нэг чадвар гэж хэлэгдэх магадлалтай энэ Англи хэл гэдэг зүйлийг сурах хүсэлтэй хүмүүст хандаад та юу гэж хэлэх вэ?

- Англи хэл сурахыг хүсвэл шалтгаасаа түрүүлээд зорилгоо бодоорой гэж хамгийн түрүүнд хэлнэ дээ. Хэлний мэдлэггүй байдал нь ажил мэргэжилд нь саад болдог, хэл сураагүйдээ харамссан олон хүн биднийг зорин ирдэг. Нэгэнт ийм байдал үүсч байгаа бол өнгөрсөнрүүгээ биш ирээдүйрүүгээ хараад сурах хэрэгтэй. Мөн би мөнгө төлөөд нэг сургалтанд сууж байгаа юм чинь сурчихна гэж ойлгож болохгүй. Учир нь өөрийн хичээл зүтгэл хэл сурахад маш чухал байдаг. Багшийн мэдээлэл 40 хувьд сурагчийн хичээл зүтгэл 60 хувь байж болохуйц харагддаг.

Тиймээс сургалтанд суусан ч зөв хандлага чухал. Заах хүн нь багш ч гэлээ сурах хүн нь та өөрөө шүү дээ. Багшийн өгсөн системтэй мэдлэг дээр өөрөө нэмэлт бие даалт хийж бататгадаг хүмүүс ер нь Англи хэлийг түргэн сурдаг. Мэдээж Жэтийг зориод ирвэл таны зорилгод хувь нэмэр оруулахад бид үргэлж нээлттэй.

- Цаг заваа гарган сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж сүүлийн хормыг танд үлдээе.

- За баярлалаа.