Ц.Чинзориг: Хэл сурахын тулд Догматик маягаар цээжлэхээсээ илүү, хэрхэн яаж хэрэглэхэд цагаа их зарцуул
5 years, 11 months ago read count: 6458Англи хэл сурах юмсан гэсэн хүслийн цаана, хэрхэн яаж үр дүнтэй сурах уу?, хаана, хэн сайн заадаг бол? Хэр хугацаа зарцуулах бол? Ажил амжихгүй юм гэх зэргээр халгаж хойш тавьсаар яваа олон хүн байдаг. Гэтэл Англи хэлний чадварыг ашиглан гадны нэр хүндтэй сургуульд амжилттайгаар суралцах, ажлын байрандаа үнэ цэнэтэй байж, өнөөдрийн байгаа хот дүүргээсээ цааш дэлхий ертөнцөд оюун санааны хувьд гарч, аливааг харах өнцөг, мэдлэг мэдээллийн давууг олж авах боломж үргэлж байсаар...Яг л салаа замын голд алинаар нь явах вэ? гэсэн сонголтын өмнө зогсож байгаа мэт энэ нөхцөлд хүмүүст зөвлөгөө болох мэдээ мэдээллийг эрэн хайхыг энэ удаагийн ярилцлагаараа зорилоо.
“Jet School of English” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, англи хэлний зөвлөх багш Ц. Чинзориг
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би ярилцлагын цагаасаа арай эрт ирээд бага сага зүйл ажиглалаа. Таны ангийн үүдэнд очоод хичээл зааж байгааг тань харсан юм. Өндөр сандал анхаарлыг минь татлаа?
-Сайн. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Хаалганы завсраар харсан байх нь. Дараа хичээл заахдаа хаалгаа бүр сайн хааж байя даа \инээв\. Өндөр сандалны хувьд гэвэл би зогсож хичээл заахыг илүүд үздэг юм. Багш тэр дор намхан сандал дээр суучихаад хэнд ямар идэвхийг, ямар уур амьсгалыг төрүүлж хичээл заах билээ гэж боддог.
Тиймээс ихэвчлэн босож явж, заримдаа өндөр сандал дээрээ суудаг. Англи хэл гэдэг чөлөөтэй нээлттэй хэл учраас өндөр сандал тэр байдлыг маань алдагдуулахгүй эвтэйхэн байдаг юм. Гэхдээ ер нь л ихэнхдээ босож зогсоод хичээлээ заадаг даа. Хичээлийн цаг нээлттэй харилцаа, идэвхтэй уур амьсгалтай байх ёстой шүү дээ.
-Нээрээ тийм байх магадлалтай юм байна шүү. Харин одоо үндсэн яриандаа орцгооё. Дэлхий нийт Англи хэлний боловсролыг олгох тал дээр хэрхэн өөрчлөгдөж байна гэж та харж байгаа вэ? Бид мэдээж эндээс аль болох хоцрохгүй байх ёстой байх?
-Хэл гэдэг зүйл цаг үе, хөгжил дэвшлийн хувьслын нөлөөгөөр байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг. Үүнийг дагаад заах болоод сурах аргууд ч хөдөлж эхэлдэг. 1990-иэд оноос өмнө 70, 80-аад онд бол ер нь л догматик маягаар цээжлэх талруугаа арга барил их байсан бол одоо харин хэлийг хэрхэн яаж хэрэглэх үү? багш нарын хувьд сурагчиддаа яаж хэрэглүүлэх үү? гэсэн зорилгоо илүү тод хардаг болсон.
Бид тэгдэг шүү дээ. Арван жил, их сургуульд Англи хэлийг өчнөөн үзчихээд ярьж чадахгүй байна гэж. Яг энэ байдлаас хүн төрөлхтөн татгалзаад ерөөсөө л яаж хэрэглэх юм гэдэг талаасаа анхаарч байна. Баахан дүрэм үзээд 5 үг цээжлээд л байвал “хэл” болчихгүй. Тиймээс хэл сурахын тулд Догматик маягаар цээжилхээсээ илүү, хэрхэн яаж хэрэглэхэд цагаа их зарцуул гэж хэлмээр санагдаг юм.
-Англи хэлийг яавал сайн сурах вэ? гэсэн асуулт өнгөрсөн хугацаанд танд хамгийн их ирсэн асуулт байж мэдэх юм? ирээдүйд ч ирсээр байх нь дамжиггүй? Та үүнд товчхон хариулбал? Ямар хүмүүс нь сураад ямар хүмүүс нь сурч “барахгүй” байна вэ?
-Энэ их олон талтай л юм л даа. Хувь хүний талаасаа хандлага хамгийн их нөлөөлөөд байх шиг санагддаг. Жишээ нь юманд илүү нухацтай ханддаг. Зорилгынхоо төлөө цуцалтгүй хөдөлмөрлөдөг хүмүүс үр дүн гаргаж сураад байдаг. Гэтэл зарим хүмүүс тэгдэггүй шүү дээ. Сонирхож байгаад орхичихдог ч юм уу? эсвэл тэр нь тийм амь тулчихсан чухал зорилго биш байдаг. Зарим нь ер нь л Англи хэл сурах хэрэгтэй юм байна гээд тодорхой шаардлагаа тодорхойлолгүй урсгал дагадагч юм уу? энэ үед нөгөө олон жил үзээд байгаа хирнээ сурдаггүй гэсэн ойлголт гарч ирээд байх шиг байдаг юм.
Тэрнээс толгой сайтай нь сураад толгой муутай нь сурдаггүй гэсэн ойлголт ер байхгүй. Олон эрдэмтэд ярьдаг шүү дээ. Хэл гэдэг хүнээс гоц ухаан шаарддаг зүйл биш гэж. Хамгийн том баталгаа нь бид эхээс төрөхдөө бүгд л ярьж чадахгүй ямар нэгэн хэл сураагүй л ирдэг шүү дээ. Гэтэл бүгдээрээ л ярьж сурдаг. Харин бүгдээрээ математикч болж чаддаггүй. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр хэл гэдэг математик ч юм уу, физик, хими шиг тодорхой салбарын авьяас шаарддаггүй зүгээр л хүний байгалиас заяасан натур чанар юм. Тэгэхээр авьяас, гоц ухаан шаардахгүй учир зүгээр л үйлдэл болгоход болох зүйл юм. Нөгөө талаасаа сурах дадал гэж байдаг. Хүмүүс аливаа зүйлийг янз бүрийн аргаар сурдаг.
Жишээ нь жолооч болно гэхээр зарим хүмүүс аав юм уу ахынхаа машинд хажууд нь сууж харж байгаад сурчихдаг. Зарим нь жолооны курст суугаад сурчихдаг. Зарим нь нилээн туршлагатай хүнээр загнуулж байж сурдаг. Тэрэнтэй адилхан хэлийг сурч байгаа барилаасаа болоод байх шиг санагддаг. Хүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй чанартай тул арга барил нь ч түүнийгээ дагаад янз бүр байдаг. Тиймээс түүнийгээ олох эсвэл түүнд нь чиглүүлж өгөх хэрэгтэй юм.
-Хүн бүрийн аливааг сурах арга барил өөр гэж та хэллээ. Гэхдээ хүн бүрийн сурах арга барилд зөрчилдөхөөргүй, тэгээд хамгийн үр дүнтэй нэг аргыг зөвлөөч гэвэл та юу гэж хэлэх вэ?
-Энэ маш тодорхой. Зүгээр л ном уншаад бай. Тэгээд юу болохыг мэдэр л гэж би хэлнэ дээ. Харин өөрийн түвшинд тохирсон хялбаршуулсан зохиолоос эхлэх хэрэгтэй. Дэлхийн сонгодог зохиолууд Англи хэлний түвшин бүрт тохирсон үг хэллэгтэйгээр байдаг. Номыг уншихдаа толь бичиг нээх их ашиглах гээд хэрэггүй. Мэдээж эхний хэсэгтээ хэцүү байна. Гэхдээ л хүн номын амтанд ордог. Багахан хэсгийг ойлгоход л маш том урам шүү дээ. Ном уншина гэдэг ер нь л өөр. Телевиз үзэхээс илүү ном унших нь хэрэглээ болдог. Бодно бясалгана.
Ингэж сурсан хүмүүс хэлний боловсролоос гадна илүү гүнзгий мэдлэгтэй байдаг юм. Яагаад гэхээр тухайн номыг дэлхийн шилдэг зохиолчид бичиж байгаа шүү дээ. Шилдэг зохиолчийн бичсэн өгүүлбэр, үг хэллэг, илэрхийлэл өөрөө шилдэг байдаг. Тэгэхээр тэр хүн шилдэг зохиолчдын гаргалгааг ойлгож байна гэхээр өөрөө ч гэсэн оюун санааны хувьд адилхан өсдөг.
-Академик Англи хэл гэж ойлголт байна. Үүнийг зарим хүмүүс ерөнхий Англи хэлний гүнзгий шат гэж ойлгоод байх шиг? Энэ хоёрын ялгааг та тайлбарлаж өгөхгүй юу?
-Ерөнхий Англи хэл академик Англи хэл гэхээр 2 өөр юм байгаа юм. Ерөнхий гэхээр хүний амьдралын өдөр тутмын суурь хэл юм. За дэлгүүрт яах уу? хүмүүстэй хоорондоо яаж ярилцах уу? ресторан, онгоцны буудалд хэрхэн харилцах уу? гэдэг ч юм уу. Харин Академик Англи хэл гэдэг өөр. Их сургуулийн Англи хэл юм.
Өөрөөр хэлбэл өнөөдөр найзтайгаа сайхан уулзлаа гэж бодоё баахан сонин сайхан ярьж, хамтдаа дэлгүүрээр бараа хайгаад явлаа. Энэ үед ямар яриа өрнөх үү? Гэтэл маргааш нь сургууль дээр очоод яах уу? Математикийн томьёо түүний гаргалгааны тухай ярина. Харьцаж байгаа хүн маань ихэнхдээ багш профессорууд байна. Өөр үгээр, өөр хэллэгээр ярина гэсэн үг шүү дээ. Тиймээс Академик Англи хэл нь Америк, Англи, Их Британи, Японы их дээд сургуульд очоод сургуулийн орчинд Англи хэлээрээ дутахгүй байх чадварыг өгч байгаа юм. Ер нь бол академик хэл илүү чадвар олгодог. Хичээлээ яаж тэмдэглэх үү? курсын ажлаа яаж бичих үү? хэлэлцүүлэг маргааны үед хэрхэн оролцох уу? гэх мэтчилэн. Шавь нар маань ярьдаг л даа. Монгол оюутнууд Америкт очоод Англи хэлний мэдлэгээрээ нээх дутаад байдаггүй. Харин чадвар нь дутаад байдаг гэж. Тухайн сэдэвт дүгнэлт хийж яаж унших уу? дүгнэлтээ хэрхэн бичих үү? Товчлол хэрхэн бичих үү? гэдэг ч юм уу. Тиймээс үүнийг академик Англи хэл нөхдөг.
Мөн сэдвүүдийнхээ агуулгын хүрээнд ч академик мэдлэг өгдөг. General Англи хэл ресторанд ямар байх тухай зааж байхад академик Англи хэл харьцангуйн онол гэж юу юм, халуун рашаан хэрхэн оргилдог, тэрнийг бид юунд ашигладаг, болжмор яагаад нэг ч буулгүйгээр 10 -20 мянган метрт нисэж чаддаг гэдэг ч юм уу. Гэхдээ энэ ерөнхий Англи хэлээ үгүйсгээд байгаа хэрэг биш. Тухайн хүн Англи хэлийг хаана ямар зорилгоор ашиглахаар сурч байгаагаас л сонголт гарч ирнэ.
-Хэл гэдэг зүйл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг гэж та дээр хэлсэн шүү дээ. Та бүхний хувьд үүнтэй хэрхэн зэрэгцэж, хувьсан өөрчлөгдөж байгаа вэ?
-Бидний 10 жилд үзэж байсан математикийн алдарт 7-н томьёо яг хэвэндээ байгаа шүү дээ. Гэтэл хэл бол тийм биш. Өчигдөр хэрэглэж байсан үг өнөөдөр байхгүй болчихсон байдаг ч юм уу? Эсвэл өнөөдөр цоо шинэ үг ороод ирдэг ч юм уу? Хамгийн наад зах нь Iphone гээд байна. Энэ нь internet + phone гэсэн хоёр үгийн нийлбэрээс үүссэн байх жишээний. Гэтэл хүн 10 жилийн өмнөх Англи хэлтэйгээ 2018 оны хүмүүстэй ярихад хэцүү шүү дээ.
Тиймээс бид 2018 түүнээс цааш 2020, 2030 оны хүмүүстэй ярихын тулд өнөөдөр хэрэглэж байгаа хэлийг заах ёстой болдог. Мэдээж хэл шинжлэл гэдэг өөрөө жил ирэх тусам хөгжиж байдаг асар том шинжлэх ухаан. Тэгэхээр бид ч гэсэн энэ шинжлэх ухааны нээлт, ололт амжилтыг өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж Update хийж байж, сурагчдаа дэлхийд гологдохгүй боловсролд хүргэх ёстой шүү дээ. Cambridge, Oxford-ч ялгаагүй бүгд л тодорхой хэмжээнд өөрчлөлт шинэчлэлтийг жил бүр хийдэг. Бидний хувьд энэ жил гурван зүйл дээр Update хийж байгаа.
-Эхнийх нь хөтөлбөр, сурах бичиг нэлээн шинэлэг, Англи хэлний хязгаарын цаана байгаа үр дүнгүүдийг ойртуулсан, ач холбогдолтой агуулгаар баялаг болсон.
-Хоёрдугаарт шинэ хөтөлбөр программаа дагаад заах аргаа шинэчлэн хөгжүүлж, хэрхэн энэ жилийн контентуудаа заах уу? ямар аргаар сурагчдад хүргэх үү? гэдэг дээрээ багш нартайгаа нилээн удаан ажиллаж, сургалт явуулж бэлтгэсэн.
-Гуравдугаарт Англи хэлний мэдлэгээс гадна нэмэгдээд “Life skills” буюу нэг ёсондоо нас насныханд тохирсон хувь хүний хөгжлийн чадварууд орж ирсэн. Бид зөвхөн Англи хэл заагаад зогсохгүй тухайн мэдлэгээ ашиглаж чаддаг байх дараагийн алхамд сургаад байна гэсэн үг л дээ. Өмнө нь англи хэлний мэдлэг дээр анхаардаг байсан бол одоо бол мэдлэг олгох хангалтгүй. Тэр мэдлэгийг авдаг чадварыг суулгах гэдэг дээр дэлхий нийт анхаар ч байна шүү дээ. Бид мэдээж хоцрохгүй энэ жилийн хүрээнд маш том шинэчлэлтийг оруулж ирэхэд бэлэн болсныг хэлмээр байна.
-Хөтөлбөрийн тухайд нэлээн сонирхол татаж байна. Зөвхөн Англи хэл заагаад зогсохгүй гэдгийг дэлгэрүүлэхгүй юу?
-Шинэ хөтөлбөр гэдэг маань Англи хэлний арай илүү өндөр стандартруу орж байна л гэсэн үг юм. Жишээ нь General анги маань илүү Ted talk хэлбэрлүү орж байна. Ингэхдээ 100% Англи хэл дээр хичээл явж байх жишээний. Бид чинь хэлийг хэрэглэх гэж сураад байгаа шүү дээ. Тэрийгээ илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж давхар чадвар олж авангаа дадлагажуулъя.
Teenager ангийн хувьд 21-р зууны чадварууд болох 4С чадварыг Англи хэлээрээ дамжуулан олгох юм. Тухайлбал Critical Thinking буюу шүүмжлэх сэтгэлгээний чадварт суралцах. Үүнд нь асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл хайх, анализ хийх, системтэйгээр бодох гэх зэрэг чадварууд багтах жишээний. Цааш үргэлжлээд Collaboration буюу хамтран ажиллах манлайлах, шинийг санаачлах, уян хатан байх, Communication буюу харилцааны чадварууд болох бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх, илтгэл, танилцуулах, Creativity буюу бүтээлч чадварууд орж байх жишээний. Энэ бол ердөөсөө ирээдүй болсон хүүхдүүддээ шинэ нийгэмд хэрхэн дасан зохицож амьдрахад нь бэлдэх үү? гэсэн санаа. Тэр хүүхэд яаж шийдвэр гаргах уу? хэрхэн карьераа төлөвлөх үү ? гэх мэтчилэн. Энэ жилийн онцлог маань бид зөвхөн Англи хэл заахгүй л гэсэн үг. Хүүхдээ дараагийн шатны сургалтанд нь бэлдээд байгаа хэрэг л дээ.
Ер нь аливаа улсын аль нэг салбарын хөгжлийг дан төрөөс хийнэ гэж байхгүй. 20 жилийн өмнө анагаахын салбар одоо байгаа анагаахын салбар хоёр маш том ялгаатай шүү дээ. Хувийн эмнэлгүүд түүнийг дагаад тоног төхөөрөмж гээд хөгжиж байгаа. Түүн шиг гадны сургууль гадны стандарт орж ирнэ гэдэг хөгжлийг нэг талаасаа авчирч байгаа. Жэт ч гэсэн энэ тал дээр төлөвлөсөн ажлууд маш их бий. Ерөнхий мэдлэгээсээ илүү академик мэдлэгрүү тэмүүлмээрбайна шүү дээ. Ирээдүй хойч маань зөвхөн Улаанбаатар, Дархан гэж сэтгэхээсээ илүү London, Cambridge, Washington DC гэж сэтгэдэг болмоор байгаа юм.
-Англи хэлтэй хүн бүр үүнийгээ бусдад зааж чадна гэдэг дээр та ямар бодолтой байдаг вэ? Багш хүний тухай таны үнэлэмж?
-Хэн нэгэн багшийг яагаад бид бэлддэг юм бэ? Ер нь бол багш хичээл заана гэдэг нь ганцхан ярихаас гадна заах арга зүйн маш олон чадварууд байдаг. Тэгэхээр хэлтэй хүн бүр бусдад үүнийгээ заана гэдэг байх боломжгүй. Мэргэжлийн бус хүмүүс онол практикийн нэгдлийг ихэвчлэн алдагдуулаад байдаг. Өөрийн сурсан аргаараа энэ нь зөв энэ нь буруу тэрүүгээр яах юм гэж дур зоргоороо үгүйсгэж эхэлдэг. Гэтэл түр зуурын аргууд, богино настай шуурсан хөдөлгөөнүүд намжаад хэлний шинжлэх ухаан эргээд тунаад л үлддэг. Яагаад заавал 570 гэдэг машинд 98 октан хийдэг нь учиртай л байдаг шүү дээ. Стандарт гэдэг зүйл энд яригддаг. Яг л үүн шиг багш гэдэг бас тийм “жор” юм. Тэгэхээр хүн бүрийн өө энэ мөнгө олох салбар гээд орчих зүйл уг нь биш юм. Стандарт байх ёстой.
Нөгөө талдаа багш хүн өөрөө үргэлж шинэчлэгдэж байх хэрэгтэй. 10 жил хичээл заалаа гэхэд 10 өөр насны онцлогтой хүн тэр хүн дээр ирнэ. Тэдний сэтгэлзүйг нь яаж ойлгох уу? сэтгэлзүйд нь яаж тохируулах уу? мэдлэгийг яаж тархины тэр байгаа бүтцэд нь суулгаж өгөх үү? гэдэг том асуудал. Жил бүр Англи хэлний хөтөлбөрөө өөрчилдөгийн учир нь энд байдаг. Аль болохоор тэр орж ирж байгаа залуусын сэтгэлзүйг зөв ойлгож тэдний соёлоор тодорхой хэмжээнд амьдрах ёстой болдог. Бидний үеийн багш нарын туршлага мэдлэгтэй байдал одоогийн багш нарын шинэлэг байдал хоёр давуу тал болж байгаа учир энэ цагт хослуулах гээд л хичээх хэрэгтэй.
-Сургуулийнхаа үнэт зүйлийг юу гэх вэ? -Энэ бол маш товчхон бас энгийн. Ердөөсөө л чанар. Компьютерийн мэдлэг, гадаад хэлний боловсрол гэдэг чинь энэ шинэ нийгэмд хүнийг амжилттай ажиллаж амьдрахад олон дэмжлэгүүдийг бий болгон, давуу талыг олгож байдаг. Тиймээс бид Англи хэлний чанартай боловсролоор хүмүүст илүү шинэлэг чадвар, өсөн дэвжих гол гишгүүр нь болох ёстой. Үр дүнд нь тухайн суралцагч маань дэлхийтэй нэг хэлээр ярьж, дэлхийн цар хүрээнд сэтгэж, өөрийгөө үнэлж байх нь бидний гол философи юм даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хоёрдогч хэлний боловсролыг хүний хөгжлийн чадамжуудтай хослуулж байгаа сургалтын үйл явц олон залуусыг ирээдүйд амжилттай бэлдэнэ гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.
Холбоо барих утас: 7711-8899
Хаяг: Багшийн дээд, МУБИС-ийн чанх урд, Макс төвийн 3,4,5 давхарт
https://www.facebook.com/JetSchool/
categories: News