Жэт Англи хэлний сургууль Австралийн Их Дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгч төв боллоо.

7 years, 1 month ago read count: 4642

Дэлхийн боловсролын төв гэж хэлж болохуйц Австрали улс нь сурах орчин нөхцөлийн хувьд хамгийн таатай орнуудын нэг юм.

Тиймээс ч гадаад оюутны тоогоороо Дэлхийд гуравт ордог бизээ. Монгол оюутнуудын хувьд ч энэхүү оронд боловсролоо дээшлүүлж, хүссэн мэргэжлээ эзэмших, хэлний бэлтгэл болоод аялангаа сурах, тэтгэлэгт хамрагдах боломж улам нэмэгдсээр байгаагийн хамгийн сүүлийн жишээ нь Австралийн ITS агентлагийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн төв Жэт Англи хэлний сургуульд нээгдсэн явдал юм.

Энэхүү төв нь Австралийн 44 их, дээд сургууль, бүх ахлах болон дунд сургуультай хамтран ажилладаг бөгөөд оюутан сурагчдын хувьд санхүүгийн нэмэлт зардалгүйгээр аюулгүй байдал, мэдээ мэдээллийн хамгийн боломжит, найдвартай зөвлөх байж чаддагаараа давуу талтай юм. Тиймээс ITS агентлагийн төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “Австралид боловсрол эзэмшье 2017” үзэсгэлэнгээс та бүхэндээ Дэлхийн боловсролыг зориход хэрэг болох мэдээ мэдээллийг сорчлон хүргэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр ITS агентлагийн захирал Ричард Томас, Жэт Англи хэлний сургуулийн ерөнхий захирал Ц.Чинзориг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү үйл явдал нь тус төвөөр дамжин Австрали улсыг зорих оюутан сурагчдад маш олон давуу талыг нээж өгч байгааг мөн тэмдэглэн хэлсэн юм.


Тухайлбал

-Визний асуудал дээр санаа тавьж, хүн тус бүрт бичиг баримтын материал бүрдүүлэлтийг ITS агентлаг болон Жэт Англи хэлний сургуулийн зүгээс хамтран бүрдүүлэх үйл ажиллагааг явуулах юм. Ингэснээр виз бүрдүүлэхэд хялбар биш улсын тоонд ордог Австралийг зорих таны зорилго 1 шат хялбархан ахих юм.

-Зуучлалын хөлс авахгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зуучлалын газар болон виз гаргуулах, бичиг баримт гэх мэтчилэнд зарцуулдаг 1 сая гаруй төгрөгийг хэмнэх боломжтой.

ITS агентлагийн төлөөлөгчийн газраар дамжуулан виз бүрдүүлэх болон аппликэйшнээ бөглөөд, өөрт тохирох шилдэг сургуулиа судалж сонгох, амьдрахад шаардлагатай хамгийн жижиг, нарийн асуулт бүрт хариулт, зөвлөгөө өгөхөөс гадна, Австралид очоод хэрхэн зохицож амьдарч байгаа зэрэгт ч санаа тавьсаар байх бөгөөд энэ бүхэнд тооцогдох ямарч санхүүгийн нэхэмжлэх танд очихгүй гэсэн үг юм.


-Монгол болон Австрали хүнтэй харьцаж байгаагаараа давуу талтай. Монголдоо Жэт сургуулийн мэргэжилтэнтэй холбогдож, эндээс шалтгаалах бүхийл зүйлдээ илүү сайн ойлголцож, хамтран ажиллах бөгөөд Австралид очоод тухайн газраа хамгийн сайн мэдэх Австрали төлөөлөгч буюу сурах гэж байгаа орныхоо хүнтэй албан ёсны журмын дагуу шууд холбогдох нь давуу тал болдог.

Эдгээр давуу талууд нь илүү сайн ирээдүйн төлөө зорилготой хэн бүхний боломжийг нэмэгдүүлэх бодит үйл ажиллагаа гэж анзаарагдаж байсан юм.

Мөн уг үзэсгэлэнд Австралийн чансаагаараа тэргүүлдэг 11 шилдэг их дээд сургууль болох

  • University of Newcastle (Нью Кастлийн Их сургууль),
  • CQ University (Си Кюү Их сургууль),
  • Academy of information Teachnology (Мэдээллийн Технологийн Академи),
  • University of Teachnology Sydney (Сиднеийн Технологийн Их Сургууль),
  • ITS Agency (ITS-ийн төлөөлөгч),
  • Torrens University (Торресийн Их Сургууль),
  • Kaplan Business School (Капланы бизнессийн сургууль) Australian Catholic University (Австралийн Католик Их Сургууль),
  • Tafe queensland (Тайф Күйнслэнд),
  • Steven Bramford Macleay College ( Макклэй Коллеж) гэх зэрэг сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, танилцуулга болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарласан нь онцлох үйл явдал байлаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? гэдэг асуултын хариуг магадгүй ихэнх оюутан сурагч олж мэдээгүйн улмаас байж болох боломжуудыг хажуугаараа өнгөрөөж байдаг. Тэгвэл үзэсгэлэнд ирсэн оюутан сурагчдад энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэж их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл хийж байсан бөгөөд тухайн сургуулиудын төлөөлөгчид Монголд байх хугацаандаа аппликэйшн бөглөсөн болон Австралид суралцах хүсэлтэй бусад хүмүүсийг өөрсдийн биеэр хүлээн авч уулзах болно гэдгээ хэлсэн юм.

“Австралид боловсрол эзэмшье 2017” үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог хэсгээр Англи хэл таны үнэлэмж болоод боломжийг нэмэгдүүлнэ” сэдэвт хэлэлцүүлгийг нэрлэж байна.

Учир нь энэ энэхүү хэсэгт зочин илтгэгчид ирж Англи хэл сурснаар өөрийн амьдралдаа ямар боломжуудыг нээсэн талаар болоод IELTS -д бэлтгэх зөвлөгөө, Англи хэлийг сурахад тулгамдсан асуудал шилдэг эсээ бичих арга техникийн талаарх лекцийг хүргэж, туршлагаасаа хуваалцсан нь хүрэлцэн ирсэн хүмүүст өөрийгөө хурцлах, боломжоо олж харах илүү идэвхийг өгч байсан гэж дүгнэхүйц уур амьсгалыг бүрдүүлж байсныг энд тэмдэглэхэд таатай байна.

Тиймээс Англи хэлийг сурч өөрийн үнэлэмж болоод амьдралынхаа зорилгыг биелүүлэхийг зорьж яваа уншигчиддаа зориулаад тэдгээр илтгэлүүдээс багахан хэсгийг түүвэрлэн хүргэж байна.

Ц.Оюунгэрэл ССАЖЯ-ны сайд асан:

Англи хэл сурсан цагаас эхлээд миний үнэлэмж нэмэгдсээр ирсэн гэж би хэлнэ. Өөртөө тавих зорилго ч илүү олон нийтийг хамарсан том болсоор ирсэн.

Анх хөдөөнөөс хотод ирээд ажил хийгээд цалин хүрэлцдэггүй байх үед орчуулга хийж мөнгө олдог байсан. Харин сүүлд 8 сая ном байдаг Стэнфордын Их сургуулийн асар том гайхамшигтай номын санд нь ороод, Монгол зохиолчийн хоёрхон ном байдгийг хараад маш гунигтай санагдсан.

Нэг нь Ю.Цэдэнбал даргын хэлсэн үгнээс бүрдсэн ном, нөгөөх нь Ш.Баабар гуайн “Нүүдэл суудал” л орчуулагдан очсон гэсэн үг. Тэр үед багшаасаа "Яагаад ийм их номон дунд Монголын ганц ширхэг уран зохиол байхгүй байгаа юм бэ?" гэж асуухад "Англи хэл дээр бичсэн номыг бид аваагүй бол бидний буруу, харин бичээгүй бол та нарын буруу" гэж хэлж байсан юм.

Энэ явдлаас хойш Дэлхийн алдартай номын сангийн тавиур дээр Англи хэл дээр тэр дундаа уран зохиолын хэллэгээр бичигдсэн ном байрлах хүртэл би Англи хэлний мэдлэгтээ ханаж болохгүй, сайжруулах ёстой юм байна гэж бодсон.

Үүний дараа "Ногоон нүдэн лам" 1,2-р дэвтрээ Англи хэл дээр уран зохиолын хэллэгээр бичсэн юм. Мэдээж илүү сайжруулсан ном миний дараагийн зорилгод төлөвлөгдөөд явж байна. Мөн би гэрийн даалгавраа гэртээ хий гэдэг философитой хүн л дээ.

Хэл сурна гэдэг гадаадад хүссэн мэргэжлээрээ сурахын өмнөх гэрийн даалгавар гэж боддог.

1992 онд нэг хүн АНУ-д сурах боломж чамд байна гэж хэлж байсан юм. Харин би миний хэлний түвшин тийм сайн биш гээд татгалзаж байлаа. 1996 онд ч гэсэн энэ үгийг дахин хэлж, би ахиад л хамрагдаагүй юм.

Тэр үед нөгөө хүн маань тэтгэлэгт хамрагдах хоёрын хоёр боломжийг ашиглахгүй ингээд орхидог чам шиг хүн энэ Дэлхий дээр өөр байхгүй байх гэж хэлж билээ. Харин дараа нь Англи хэлний түвшнээ өөрийн санасан хэмжээндээ хүргэснийхээ дараа одоо би тэтгэлэгт хамрагдъя гэхэд хүнд гурван удаа нэг боломж олдоно гэж байхгүй.

Одоо чи өөрөө тэтгэлгээ олоод сур даа гэсэн л дээ. Мэдээж би олоод сурсан. Тэгээд 2 жилийн хөтөлбөрийг ганцхан жилийн хугацаанд дүүргэсэн. Англи хэлний түвшин маань энэ хэмжээнд хүрч чадсан байсан гэсэн үг л дээ.

Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголдоо ч гэсэн зөв системээр зорилготой сурвал Англи хэлээ хангалттай хэмжээнд хүртэл сурах боломжтой юм шүү л гэсэн санаа.


ITS агентлагийн захирал Ричард Томас:

Баатар, цэрэг хүн хоёр хоорондоо ялгаатай. Учир нь баатар хүн цэрэг хүний хийдэггүй нэг зүйлийг хийдэг. Тэр бол айх айдасгүйгээр зорилгынхоо төлөө урагшлах. Та бүхэн Дэлхийд бишрэгдсэн агуу баатруудын түүхтэй улс.

Харин дараачийн баатруудыг боловсролын салбараар дамжуулан төрүүлэх нь хувь хүний болоод улс эх орны аль алиных нь хүсэл шүү дээ. Түүний нэгэн илрэл нь Австралид сурч ирээд өөрийн боломж, хийж чадах зүйл, үнэлэмжээ дээшлүүлээд “баатар” болох байж болно. Бидэнд айх, ичих шалтгаанууд мэдээж байдаг. Гэхдээ баатар хүн энэ айдсыг давж байж ялалтанд хүрдэг учир бид үүнтэйгээ нүүр тулах л хэрэгтэй.

Ц. Чинзориг Жэт Англи хэлний сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал:

Самбарын өмнө зогсоод 25 жил Англи хэл заасан байна. Энэ хугацаанд “Яаж Англи хэл сурах вэ? багшаа гэсэн асуулт хамгийн их тааралдаж байсан юм. Энд нэгэн жишээг ярья гэж бодож байна.

1997 онд хоёр хүүхдээ дагуулсан эмэгтэй орон нутгаас хотод орж ирээд манай төвд Англи хэл сурахаар болсон юм. Нөхрөөсөө салаад 2 хүүхдээ дагуулаад ирсэн хэрэг л дээ. Тухайн үед байр түрээсэлж амьдрахын зэрэгцээ зах дээр бараа зардаг байсан учир би тэр эмэгтэйд бараг үнэгүй хичээл заасан л даа.

Надад хийх ажил өчнөөн байсан ч яагаад тэр эмэгтэйд цаг гаргаж хичээл заасан бэ? гэвэл үнэхээр сурах эрмэлзэл тэр хүнд байсан. Ингээд 1 жил сурсныхаа дараа нөгөө эмэгтэй би TOEFL өгмөөр байна гэж хэлсэн юм. Тухайн үед бид бараг л инээлдээд чи чадах уу? гэж асууж билээ.

Харин одоо тэр эмэгтэй АНУ-д амьдардаг. Сүүлд нэг ярихдаа хэрэв манай нөхөр намайг хаяагүй бол багшаа би ингэж чадахгүй байсан гэж хэлсэн юм. Тэгэхээр хүнийг нэг түлхэж өгдөг мотиваци гэж байдаг. Тэрийгээ л олоод харчихмаар байгаа юм. Заавал энэ эмэгтэй шиг хаягдаж байж гэсэн үг мэдээж биш. Өөрийнхөө зорилгод яагаад үнэнч байх ёстойгоо л ойлгоод аанхаарлаа хандуулах хэрэгтэй.

Ц.Алтансор Жэт Англи хэлний сургуулийн Гүйцэтгэх захирал:

Хэрэв та Дэлхийн нэр хүндтэй сургуульд, эсвэл магадгүй жилд 36 мянган өргөдөл хүлээн авч түүнийхээ 5,6 хувийг л элсүүлдэг Харвардад сурах өргөдөл гаргах гэж байгаа бол энэ багахаан тоонд хэрхэн багтах вэ?

Судалгаанаас харахад эхний шатанд өргөдөл гаргагч нарт тавигдах шалгуур болох олон улсын шалгалтын оноо болоод GPA голч дүн гэх мэтийг жагсаан үзэж сонгон шалгаруулалтаа хийдэг.

Харин дараагийн шатанд тэдний бичсэн эсээ сонгон шалгаруулалтанд нөлөөлөх гол үзүүлэлт болж хувирдаг. Таны хэн бэ, юу хүсч мөрөөддөг, ямар зорилготой, ямар ур чадвар, авъяас байгаа, яагаад тэнцэж болох гэдгийг итлгэх гол чухал үзүүлэлт бол эсээ юм.

Жишээ нь нэгэн охин эсээгээ “Proustian” буюу “Хоёр ертөнц” гэж нэрлэсэн байдаг. Серби гаралтай охин тулуугуул нутаг болон Америкийн соёлын ялгааны талаар тэс өөр хоёр ертөнцийг илэрхийлсэн бичиглэл нь сургуулийн захиргаанд гүн сэтгэгдэл төрүүлж чадсан байдаг.

Мөн илбэ, ид шидэнд дуртай нэгэн залуу Сургалтын албаны ажилтныг илбийн ухаанаар хийж болохуйц нэгэн аргыг эсээндээ оруулж өгснөөр өөрийгөө өмнөх шалгаруулалтуудад тааралдаж байгаагүй бас нэгэн шинэлэг, шинийг сэдэгч гэдгийг итгүүлж чадсан юм.

Учир нь Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд зөвхөн авъяас чадвар төдийгүй, өөрийгөө шинэ, бүтээлч үйл ажиллагаанд үргэлж бэлэн байлгадаг, хүн төрөлхтөн болоод байгаль дэлхий, техник технологид шинэ сэдвийг нээх манлайлагчдыг хайж байдаг.

Тиймээс нэгэн хэвийн хүүрнэсэн, үүнийг хийхийг хүсч байна, сурч ирээд тэгнэ ингэнэ гэсэн “жижүүрийн” эсээ эсрэгээрээ тухайн шалгуулагчийг сонгохгүй байх шалтгаан болчихдог. Ийм байдалд орохгүйн тулд өөрийнхөө давуу талаа маш сайн гаргаж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар ч шалгуурыг давж чадах эрмэлзэл болоод, энэ бүхнийхээ утга учир, үнэт зүйлийг илэрхийлсэн цор ганц онцгой эсээг тэдэнд зориулан бичээрэй.

Г.Наранбаатар сэтгэлзүйч:

”Ичих нүүрээ элгэндээ наасан хүн хэл сурдаг”

Анх би наймдугаар ангидаа Англи хэл үзэж байсан. Тэр үед багшийн маань хэлсэн үг хэл сурахад надад маш их нөлөөлсөн гэж боддог.

Тэр бол ”Ичих нүүрээ элгэндээ наасан хүн хэл сурдаг” гэсэн үг юм. Энэ бол миний хувьд гайхамшигтай үг байсан. Тэр үеэс байрныхаа доор оршин суудаг байсан гадаадуудтай ичих нүүрээ элгэндээ нааж байгаад л ярьдаг байлаа\инээв\.

Харин яг одоо бол миний гар утсанд нийт 400 гаруй илтгэл бий. Би 1 жилийн хугацаанд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байхдаа үргэлж гадаад хэл дээр илтгэл сонсдог байсан. Энэ нь миний хэлний мэдлэгээс гадна маш олон төрлийн ашигтай, хэрэгтэй мэдээллээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байсан юм.

Алдарт Уолт Дисней хэлсэн байдаг. “Чи үргэлж парад үзсээр л байвал хэзээ ч парадад алхаж чадахгүй гэж”. Энэ бол үргэлж бусдыг хараад зүгээр л тэдэнд алга ташаад суугаад байвал хэзээ чи өөртөө алга таших юм бэ гэсэн үг л дээ. Тиймээс зүгээр л үйлдэл хийгээд үз.