Аав тээвэртээ явж, харин би Англи хэл сурахаар Баян-Өлгий аймгаас Улаанбаатарыг зорьсон...

5 years, 11 months ago read count: 2228

Түүнийг Даулэбек Эрболати гэдэг. Монгол орныхоо Баруун хязгаарт төрж өссөн энгийн нэгэн Казак айлын жирийн л нэгэн хүү. Баян-Өлгий аймгаас 1800 гаруй км замыг туулан Улаанбаатарт ирсэн зорилго нь Англи хэл сурч, IELTS-ийн оноо авах юм. Энэ аялал нь түүнд гэрээсээ анх удаа удаан хугацаагаар хол явж үзсэн онцгой үйл явдал бөгөөд, амьдралд хөл тавьж буй шинэ мэдрэмж, аз бас бэрхшээл юм.


Нүдээрээ инээсэн зөөлөн төрхтэй энэ хүүг “Humans of Jet”-д онцолж буй учир нь тэр ирээдүйд хүрэх зорилгод энэ өдрийн алхам ямар чухал болохыг анзаарч хаанаас, юунаас эхлэх ёстойгоо тодорхойлж чадсанд нь байгаа юм. Тиймээс л Англи хэл сурахын тулд 1800 гаруй км туулах нь түүний ирээдүйд дэлхийн боловсролд хөл тавих аян замын эхлэл болсон болов уу. 

Бусад сурагчдыг бодвол түүнд бэрхшээл илүү их бий. Аавыгаа дагаж баруун аймгуудаар хаа нэг тээвэрт явж байсан нь бага зэргийн Монгол хэлний ойлголтыг өгсөн ч мөр зэрэгцэн сурч байгаа сурагчидтай харьцуулбал бараг л Англи, Монгол гээд хоёр хэлийг эзэмших болчихоод байгаа юм.

Гэхдээ тэр хичээсээр байгаа бөгөөд бидэнд ийнхүү товчхон яриа өгсөн юм.

Улаанбаатарыг зорьсон тэр өдрийнхөө тухай мэдрэмжээ хуваалцахгүй юу? 

Тэр өдөр аав тээвэртээ явж, харин би Англи хэл сурахаар Баян-Өлгий аймгаас Улаанбаатарыг зорьсон. Үнэндээ аавыгаа дагаад тээвэрт хамт явчихмаар л санагдаж байсан. Хэдийгээр тийм зүйл болохгүйг мэдэж байгаа хирнээ л би аавдаа тантай хамт явмаар байна гэж хэлсэн \инээв\. Аав маань чи өөрийн гэсэн зорилготой байх ёстой гэж хэлдэг. Яг л үүнийг нь ахиж сонсохыг магадгүй би хүссэн байх. Ээж маань тэр үед хөдөө явсан байсан учир бас уулзалгүй хот явах болсондоо бага зэрэг сэтгэл гонсойж байсан. Гэхдээ ээж маань яриад бид бүгд чамд хайртай, чамайг маш их санана. Гэхдээ үүнийг бодолгүй сайн сураарай гэж хэлсэн. Ингээд л би автобусанд суугаад Улаанбаатарыг зорьсон доо.

Улаанбаатар чамд ямар санагдсан бэ? Улаанбаатар хотын гоё зүйл нь гэвэл Чингисийн талбай анх орж үзэхэд их гоё байсан. Хүндрэлтэй зүйл гэвэл агаар нь жоохон бүгчим, бас зам түгжрэл ихтэй юм билээ. Гэхдээ би алхчихдаг юм.

Энд ирээд мэдэрсэн бэрхшээл юу байсан бэ?


Анх хотод ирж байхад хэлний бэрхшээлээсээ болоод айж байсан. Хааяа аавтайгаа аймгуудаар тээвэрт хамт явж байхдаа л бага зэрэг сурсан. Монгол хэлээ эхлээд сурчихвал Англи хэлнийхээ хичээлийг ойлгоход илүү амар болмоор. Гэхдээ зорилго байгаа учир хоёр хэлний бэрхшээлийг давнаа л гэж бодоод бага багаар урагшилж байгаа. 

Казак үндэстнийхээ домбор хөгжмийг их гоё тоглодог гэж багшаас нь сонссон юм?

Тиймээ. Хятад, Казакстан, Орос гэх зэрэг 6-н улсаас оролцож байсан олон улсын хөгжмийн наадмаас багаараа болоод дангааараа Алтан медаль авч байсан тохиолдол бий. Сайхан юмаа. Дараа бидэнд тоглож өгч болох уу? Тэгье. \инээв\Ирээд найз нөхөдтэй болсон уу? Нэг сайн найзтай болсон. Одоо амьдарч байгаа байрныхаа гадаа сагс тоглож байгаад танилцсан юм. Яагаад Англи хэл сурах ёстой юм байна гэж бодсон тухайгаа товч хэлбэл?


Хүн ямар ч мэргэжил сонгосон бай түүнийгээ илүү сайн эзэмшихэд эхний ээлжний чадвар нь хэл юм байна гэж бодсон. 

Баярлалаа бидэнд цаг заваа зарцуулж өөрийнхөө тухай товчхон ярихыг зөвшөөрсөнд. Цаашдын сурлагад нь амжилт хүсье.

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Бид энгийн нэгэн хүүгийн хотод ирсэн товчхон түүхийг та бүхэнд ийнхүү дэлгэж байгаа нь нэг талаасаа айл бүрд байдаг эгэл жирийн амьдралын цаана хүсэл мөрөөдөл, үр хүүхдээ эрдэм номтой хүн болгохын төлөөх аав ээжийн сэтгэл, амьдралд хөл тавьж буй залуу үе гээд бүгд багтдаг гэдгийг энгийнээр нь харуулахад оршсон юм.

Баян-Өлгийгөөс Улаанбаатар, улаанбаатараас дэлхийн хөгжилтэй улс оронд очиж боловсрол эзэмших зорилгыг тавьж чадсан хүү шиг өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө үйлдэл хийдэг хүүхэд залуус бүрийн ирээдүй илүү их боломжуудаар дүүрч байдаг учир та бүхэн урагшлаад байгаарай.

Д.Чанцал