Англи хэлийг яагаад сурч байгаагаа “маш тодорхой” Ойлгох нь хамгийн чухал нь юм билээ.

4 months, 2 weeks ago read count: 388

М.Хишигмаа: Сурах тусам өөртөө итгэлтэй болоод, олон зүйлд өөрийгөө сорьж үзээд, сорьсон зүйлүүд маань амжилт дагуулаад байгаа нь хувь хүнийг маань хөгжүүлж байгаа илрэл гэж өөртөө итгээд сайхан байгаа. 


Түүнийг Хишигмаа гэдэг. Ахлах ангиа төгсөж ЭЕШ-аа амжилттай өгөх, мэргэжлээ сонгох гээд амьдралын бас нэгэн онцгой цаг хугацааны өмнө ирж буй Монголын мянга мянган сурагчдын л нэг. “Гэр бүл, найз нөхөд ойр орчмын нөлөөлөл хүний хөгжилд их чухал юм байна гэж бодсон” хэмээх үгийг түүнээс олж сонссондоо ихэд олзуурхан энэ удаагийн “Humans of Jet”-дээ онцолсон юм. Учир нь бидний үг үйлдэл эргэн тойрны хүмүүс болоод нийгэмдээ нөлөөллийг үзүүлж байдаг асар их хүч юм.

Ингээд өсвөр үеийнхэндээ үлгэрлэл, урам илгээх үүднээс түүний ертөнцийн багахан хэсгээр зочилсноо та бүхэндээ хүргэж байна.


Англи хэл ирээдүйн зорилготой нь хэрхэн холбогдсон бэ?

Англи хэлээ төгс сайн эзэмшээд дэлхийн хэмжээний хүн болох мөрөөдөл, зорилготой. Шууд л ингээд пал гээд хэлчихээр гайхаж магадгүй л дээ \инээв\. Гэхдээ ер нь миний үеийн хүүхдүүдийн сурч байгаа гол зорилго нь гадаа явж байгаа хүн болгонтой ижил байх гэхээсээ илүү онцгой байх, илүү амжилттай байх, мөн өөрийгөө зөвхөн Монголоороо хязгаарлахгүй байгаагийн илрэл гэж бодож байна.

Тэгэхээр яахын тулд Англи хэл сурч байгаагаа өөртөө тодорхойлж чадсан гэж ойлгож болох уу? Яагаад энэ асуултыг асууж байгаа вэ? гэхээр маш олон хүн Англи хэл гэдэг зүйл хэрэгтэй юм шиг байна гэсэн хандлагаар ерөнхий хандаад олон жилийг сурсан сураагүй хоёрын дунд өнгөрөөдөг шүү дээ? 


Тэгж ойлгож болно. Англи хэлийг яах гээд сурч байгаагаа “Маш тодорхой” ойлгох нь хамгийн чухал нь юм билээ. Өмнө нь би яах гээд сураад байгаагаа ойлгодоггүй үе байсан. Ээж аав сураарай гэхээр надад ямар хэрэгтэйг мэдэхгүй. Яг тодорхой зорилгогүй байсан учир үнэндээ яг суръя гэж хичээдэгчгүй байсан. Миний хувьд сэтгүүлч болох мөрөөдөлтэй бөгөөд Англи хэл энэ мэргэжилдээ эзэн нь болох нэг гол чадвар маань болохыг ойлгосон. Түүнээс яг Англи хэл сурах нь зорилго байна гэдэг бол учир дутагдалтай. Түүгээр дамжуулж яах гээд байгаа нь чухал. Мэдээж хамгийн эхний тулгарч байгаа сурах зорилго маань ЭЕШ- аа амжилттай өгөх.


Хамгийн сүүлд юунаас урам авсан тухайгаа бидэнтэй хуваалцаж болох уу?


Болохоор барах уу \инээв\. Би дүүгийнхээ тухай яримаар байна. Англи хэлэндээ илүү их цаг гаргаад оролдлогууд хийгээд эхэлсэн минь дүүд маань ч гэсэн нөлөөлсөн юм шиг санагдсан. Ер нь л өмнөх байдгаасаа илүү хичээдэг болсон нь анзаарагдсан. Бүр надад хэлэлгүйгээр ганц 2 илтгэлийн тэмцээнд бүртгүүлчихсэн байсан. Үүнийг мэдээд би дотроо чимээгүйхэн инээмсэглэсэн. Энэ урамтай сайхан мэдрэмж байсан. Тиймээс гэр бүл, найз нөхөд, ойр орчмын нөлөөлөл хүний хөгжилд бас их чухал юм байна гэж бодогдсон.

Үүнтэй зэрэгцээд бас нэгэн бодол төрсөн нь миний хувьд арай эрт сурдаг байж уу гэж бодогдсон. Аав ээж сурах хэрэгтэй гэхээр нь нээх их тоодоггүй байсан юм шиг. Сурах хэрэгтэй гээд ерөнхийгөөр нь л ойлгоод байдаг байсан. дүүгээ харахаар дүүгийнхээ насан дээр сурчихсан бол одоо илүү амар, бас өөр түвшний зүйлд цагаа зарцуулах байсан болов уу. Гэхдээ мэдээж юу ч оройтоогүй шүү дээ.

Сурах арга барилаасаа онцлооч гэвэл?


Жэт-д орж ирээд багшийнхаа хэлснээр туршиж үзэж байгаа нэг шинэ арга маань “podcast” сонсох юм. Энэ арга Англи хэлний чадвараа ахиулахад маань маш сайн нөлөө болж байгаа гэж би хэлнэ. Сонсоод ойлгочихно гэдэг маань эргээд ярианы чадвараа сайжруулахад ч боломж болдог.

Сэтгүүлч болох мөрөөдөлтэй гэж түрүүн хэлсэн. Энэ үнэхээр сайхан мэргэжил. Энэ мэргэжилдээ хэрхэн яаж хүрэх гэж байгаа вэ? 

Тиймээ 3-р ангиасаа хойш огтхон ч өөрчлөгдөөгүй хүсэл маань сэтгүүлч болох. Үнэхээр гоё мэргэжил гэдгийг удахгүй өөрийн биеэр илүү сайн мэдэрнэ гэж итгэж байгаа. Миний хувьд Бакалавраа Монголдоо төгсөөд гадаадад мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байгаа. Монголдоо бакалавартаа сурна гэдэг маань нийгмийн тухай ойлголтууд, Монгол хэл хоёртоо нилээн сайн цаг гаргах хүсэлтэй маань холбоотой. Сүүлийн үед сэтгүүлчдийн эх хэлний боловсролын тухай бас их яригдах болжээ. Мэдээж соён гэгээрүүлэх салбар гэдэг утгаараа эх хэлээ зөв сайхан эзэмшсэн байх нь зайлшгүй зүйл гээд үүн дээр өөрийгөө хөгжүүлэх, баялаг сантай болох зорилгыг өвөрлөж байгаа гэх үү дээ.

Ямар нэгэн шинэ хэл соёл эзэмших нь маш олон шинэ боломж хаалгуудыг нээж байдаг гээд хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ тухай өөрийн тань бодол?


Миний анзаарснаар хэлний чадвар нь бусад дутагдалтай талуудыг нь нөхдөг, өргөн цар хүрээгээр аливааг харж чадахад нь нөлөөлсөн амжилттай яваа хүмүүсийн түүх зөндөө байдаг юм билээ. Миний хувьд Англи хэлнийхээ 1 жилийн ангид сурдаг. Энд зөвхөн Англи хэл үзээд зогсохгүй хувь хүний хөгжлийн хичээл ордог юм. Англи хэл дээр нэмэгдээд зөв хувь хүн байна гэдэг ямар их боломж давуу талыг амьдралд олгох вэ? гэдэг их чухал санагдсан. Манай анги эв нэгдэл их сайтай. Бид хамтдаа хичээлээс гадна нийгмийн сайн дурын ажлуудад оролцдог болсондоо бас их баяртай байгаа. Саяхан гэхэд бид тусгай олимпын хорооны олимпын наадмыг зохион байгуулахад сайн дураараа оролцож ажилласан. Тусгай Олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж Оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм. Ингээд бодохоор хүний хөгжилтэй хосолсон сургалтаасаа өмнө ямар нэгэн үйл ажиллагаанд хамрагдах гэдэг ч юм уу, тэмцээн уралдаанд оролцох гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсээс ер нь л хойш суудаг байснаа анзаарсан. Харин одоо сурах тусам өөртөө итгэлтэй болоод олон зүйлд өөрийгөө сорьж үзээд, сорьсон зүйл болгон маань амжилт дагуулаад байгаа нь хувь хүнийг маань хөгжүүлж байгаа илрэл гэж өөртөө итгээд сайхан байгаа. Сурч байгаа хэлний маань онцлог болох нээлттэй чөлөөтэй байдал ч бас үүнд нөлөөлж байгаа болов уу гэж боддог. Таны дээрх асуултанд би ингэж л хариулах юм байна даа. Хангалттай хариулж чадсан уу? \инээв\


Тэгэлгүй яахав. Хангалттай хариуллаа\ инээв\
Англи хэл сурах зорилгодоо яаж үнэнч байдаг вэ? 


Жэт дээрээ маш их цагийг зарцуулж байгаа нь одоогоор миний хийж чадаж байгаа зүйл. Аливаа зүйлийг хүндрүүлж бодохоосоо илүү энгийн үйлдлүүдийг л үнэнчээр хийгээд сурчих нь үр дүнтэй юм байна гэдгийг бага багаар ойлгоод л байна.

Сэтгүүл зүйн чиглэлээр өөрийгөө ямар нэгэн уралдаан тэмцээнд сорьж үзэж байсан уу? 

Би ерөнхийдөө л өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр орж ирсэн зүйлсээ холбож бичих дуртай. Харин сүүлд Баянгол дүүргээс зохион байгуулсан хоггүй ирээдүй гэсэн эссе бичлэгийн уралдаанд ороод түрүүлж байсан.

Ойрын үеийн төлөвлөгөөнийхөө тухай товчхон дурдаач гэвэл?

Оюунаа хөгжүүлэхээс гадна бие бялдараа хөгжүүлэх бодолтой байгаа.

Бие бялдараа хөгжүүлнэ гэдэг сайхан сонсогдож байна шүү. Гоо үзэсгэлэн хамгийн гол нь эрүүл чийрэг байх нь энэ амьдралын гол зүйл шүү дээ. Ингээд бидэнтэй хэсэгхэн хугацаанд амжуулж нээлттэй ярилцсан чамд маш их баярлалаа. Амжилт хүсье.


Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.



Д.Чанцал